~Томоохон төсөл хөтөлбөрийг барих, шилжүүлэх аргаас татгалзана~
Засгийн газар Замын-Үүд, Алтанбулагийн боомт, Тавантолгойн багц төслийг концессын гэрээний барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Ийм байдлаар цаашид барих, ашиглах шилжүүлэх хэлбэрээр томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ гэж Үндэсний хөгжлийн газар мэдэгдлээ.
Өмнө хэрэглэж байсан барих, шилжүүлэх арга хэлбэр нь төрд олон үр дагавар үүсгэж байсан, мөн ОУВС болоод бусад хөрөнгө оруулагчид ч үүнээс татгалзахыг зөвлөж байгаа гэж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан мэдэгдлээ.
Зарим салбарын үйлчилгээний үнэ ханш хэт доогуур, эсвэл үнэ нь чөлөөлөгдөөгүйгээс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаггүй байна. Тухайлбал, өнгөрсөн жил Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг барих ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хөрөнгө оруулагчдаар гүйцэтгүүлэхээр болсон. Гэтэл үйлчилгээний үнийг 7 дахин нэмж байж хувийн хэвшил зардлаа нөхөх тооцоо гарснаас төсөл гацсан байна.
Засгийн газар одоогоор 30 тэрбум буюу түүнээс дээш төгрөгийн өртөгтэй 70 гаруй төслийг улсын төслийн хөрөнгө, концессын гэрээ, хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим сонгон шалгаруулалтыг хийгээд байгаа юм.
Энэ талаар ирэх 7 хоногт болох “Эдийн засгийн форум-2018” чуулганаар танилцуулж, хөрөнгө оруулагчдын саналыг авах юм байна.