Нүүр хуудас Эдийн засаг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдын цаг үеийн асуудлаархи ярилцлага

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдын цаг үеийн асуудлаархи ярилцлага

297
0
"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдын цаг үеийн асуудлаар ярилцлага өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Таван толгой” компанийн үйл ажиллагаа, нөхцөл байдал ямар байна вэ?

-“Эрдэнэс-Таван толгой” ХК 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнийхөө дагуу энэ жил дунджаар 10 орчим сая тонн нүүрс экспортлохоор байна. Компанийн үйл ажиллагаанаас шууд хамааралгүйгээр хил, гааль дээр асуудлууд үүсэхгүй бол төлөвлөгөөгөө биелүүлнэ гэсэн зорилттой байгаа. Бид он гарсаар 3 сая гаруй тонн нүүрс борлуулж, экспортлохоор Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгачихаад байна.”Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилийн хувьд 10.1 сая тонн нүүрс олборлосон бөгөөд хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадлаас үүдэн 8.5 сая тонн нүүрс экспортлосон.

Өнгөрсөн оны амжилтаасаа хуваалцахгүй юу. Ашигтай, амжилттай, ажил урагштай явж байгаа төрийн цөөн компаниудын нэгд “Эрдэнэс-Таван толгой”-г оруулж байна?

Өнгөрсөн оны хувьд бид чармайн ажиллаж, гадаад өрнөөс бүрэн салж, дотоод өрөө нимгэлснээр ашигтай ажиллах боломжууд нээгдээд байгаа. Тодорхой статистик тоо хэлэхэд компани 2011-2016 онуудын хооронд улсад нийт 266 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байдаг бол өмнөх 6 жилд төлсөн нийт татвар, хураамжийг зөвхөн2017 онд төвлөрүүллээ. Тодруулбал, өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөгийн орлого олсон бөгөөд үүнээс 243 тэрбум төгрөгийг татвар, хураамжид төлж, 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

“Эрдэнэс-Таван толгой” 2018 оны олборлолт, борлуулалтын төлөвлөгөөгөө хэдээр тооцож байгаа вэ? Мөн коксжих нүүрсний зах зээлийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна?

Энэ жилийнхээс бууруулахгүйг хичээнэ. Өнгөрсөн оны хувьп экспортлох төлөвлөгөөгөө давуулан биелүүлнэ гэж тооцож байсан боловч хилийн нэвтрүүлэх чадвараас болоод багасчихлаа. Гэхдээ ирэх жилээ өөдрөгөөр тооцоолж, энэ жилийнхээс бууруулахгүйгээр төлөвлөсөн.

Хамгийн гол нь импортлогч талтайгаа Засгийн газрын түвшинд ярьж, хилийн нэвтрүүлэх чадварыг хуучин байдалд оруулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатайгаас гадна дэд бүтцийн асуудлыг ч шийдэх ёстой.

Бид своп хэлцлүүдийг хардаг. 2018 оны хувьд коксжих нүүрсний зах зээл эхний гурван сарын байдлаар багахан хэмжээгээр буураад цаашаа тогтвортой байх хандлага харагдаж байна.

Өнгөрсөнжилээс Баруун Цанхийн нүүрсний үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлаж байгаа нь чухал үзүүлэлт юм. Яг одоо нүүрсээ хэдээр зарж байна вэ? Ямар компаниуд худалдан авч байгаа бол?

Зөвхөн Баруун Цанхи биш Зүүн Цанхиас гарсан нүүрсийг ч гэсэн бид нээлттэй сонгон шалгаруулалтаар борлуулж байгаа. Зүүн Цанхи дээр өмнө хийсэн гэрээний дагуу “Чалко” компанид олборлолтын 80 хувийг нийлүүлдэг. Үлдсэн 20 хувиа нээлттэй сонгон шалгаруулалтаар зарж байна. БНХАУ-д экспорт хийх зөвшөөрөлтэй компаниуд авдаг. Төрийн болон улсын компани гэж ялгах боломжгүй. Уурхайн аман дээрээсээ зардаг учраас хэн өндөр үнэ санал болгоно, хэн манай нөхцөл шаардлагыг хангаж байгаад нь борлуулдаг. Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтаар зарж байгаа үнэ 68,1 доллар.

Сонгон шалгаруулалтаар нүүрсээ зарж эхэлснээр компанид ямар давуу нөхцөл боломжууд үүсч байна вэ?

Өмнө нь ч гэсэн тодорхой хэмжээний шаардлага хангасан компаниудад нүүрсээ зарж байсан байх. Гол нь нээлттэй зарладаггүй учраас хардалт сэрдэлт их байсан болов уу. Шинэ удирдлагын баг ажил аваад нүүрсээ хэрхэн борлуулах вэ гэдгээ олон талаас нь судалсан. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулах боломж нөхцөлийг судалж үзсэн ч платформоос эхлээд бүх зүйл нь шаардлага хангаагүй. Эсвэл аукцион маягаар гар өргүүлэн үнэ хаялцах боломж байна уу гэдгийг ч судалсан. Мөн л тохиромжтой байгаагүй. Худалдан авагч талууд хоорондоо тохиролцоо хийчих юм бол бид үнээ өсгөх ямар ч бололцоогүй болох юм билээ.

Тиймээс одоохондоо бидний олчихоод байгаа ганц боломжит шийдэл бол үнийн сонгон шалгаруулалтыг битүүмжилсэн хэлбэрээр аваад, санал өгсөн компаниуд дээр шалгуур тавьж, урьдчилгаа мөнгө төлөх, худалдан авах чадвар, богино хугацаанд тээвэрлэх чадвар, тээвэрлэлтийн хүчин чадал зэрэг нөхцөлийг харгалзан, хамгийн сайн гэснийг сонгодог.

Сонгон шалгаруулалтаа ямар хугацаа, давтамжтайгаар зарладаг вэ?

Гол нь үнийн өсөлтийг ашиглах гэсэн менежментийн асуудал учраас зах зээлийн өөрчлөлтийг харгалздаг. Үнэ буугаад эсвэл өсөөд эхэлвэл үнэ дээрээ өөрчлөлт оруулаад явна. Үнэ өсвөл хамгийн өндөр үнийг сонгоно. Буугаад эхэлбэл аль болох үнээ барихыг хичээдэг.

“Эрдэнэс-Таван толгой” “Чалко”-гийн том өрөөс салсны дараа дотоодын өрөө барагдуулах тал дээр томоохон алхам хийж, Хөгжлийн банкны 200 сая долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдууллаа. Арилжааны банкууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдэд өр, зээл одоо ямар байна вэ?

Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд “Чалко” компанид тавьсан 6жил сунжирсан өрийн үлдэгдэл 100 сая долларыг төлж, өрийг бүрэн барагдууллаа. Өрөө барагдуулж дууссанаар Зүүн Цанхи дээр өөрсдөө тодорхой хэмжээний нүүрс борлуулах эрх үүссэн. Хоёрт үнэ дээр шахалт үзүүлэх, харилцан тохиролцох боломжууд нээгдэж байна. Өрийг хугацаанаас өмнө барагдуулснаар нэлээд их хэмжээний орлого нэмэгдэх боломж бий болсон.

Өрийг богино хугацаанд түргэн дарж чадсан нь мэдээж зах зээлд нүүрсний үнэ өссөнтэй холбоотой. Хоёрт Засгийн газар шийдвэрлэх дэмжлэг үзүүлсэн. Баруун Цанхийн олборлолтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Нүүрсний үнэ дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах боломжийг бидэнд олгосон. Үүний үр дүнд зах зээлийн таатай үеийг ашиглан богино хугацаанд “Чалко”-гийн өрийг дарах боломж үүссэн.

Монгол Улсын Хөгжлийн банкны өрийг дарж дуусахгүйгээр бид ямар нэгэн IPO хийх бүх алхам хаалттай учир нэн тэргүүнд энэ өрийг дарах шийдвэрийг ТУЗ-өөс гаргасны дагуу 100 сая ам.долларыг өнгөрсөн жил барагдуулсан бол 2018 оны хоёр дугаар сарын сүүлээр 50 сая ам.доллар, үлдсэнийг нь гуравдугаар сарын 27-ны өдөр барагдуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр “Эрдэнэс-Таван толгой” ХК Монгол Улсын Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийг барагдуулаад байна.

Одоо танай дээр хэдий хэмжээний овоолго үүсчихээд байна вэ?

Экспорт буурснаас болоод бараг 3.2 сая тонн нүүрс талбай дээр байна. Бүх зардал нь гарчихсан бэлэн байгаа нүүрс шүү дээ. Бид экспортолсноо, олсон мөнгөө л яриад байгаа болохоос талбай дээр байгаа нүүрсээ өнөөдрийн 68 доллараар үржүүлэхэд 200 гаруй сая доллар талбай дээр бэлэн байна гэсэн үг. Олборлолтын зардлыг нь төлчихсөн учраас ачихад 1 доллар зарцуулаад, татвараа төлөөд үлдсэн нь цэвэр ашиг гэсэн үг.

Төрийн өмчит компаниуд маш үрэлгэн өндөр зардал, нүсэр бүтэцтэй ажилладаг гэсэн ойлголт түгээмэл. Өнгөрсөн нэг жилд зардлаа бууруулах талаар та тодорхой ямар ажлууд хийв?

Зардлаа бууруулахын тулд олон талаас нь үзэж байна. Хүмүүс “Эрдэнэс-Таван толгой”-г их том бүтэцтэй, тэр том бүтэцдээ асар их мөнгө зардаг мэтээр ойлгодог. Угтаа бол манай бүтэц их цомхон шүү дээ. Ганц нэг хүний ажил үүргийн давхардал байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий болон үйл ажиллагааны зардал маш бага буюу нийт төсвийн 2 хувийг эзэлдэг.

Бидний өнөөдөртөө хийж чадах ганц зүйл бол олборлолтын зардлаа бууруулах. Үүний тулд 1 куб метр шороог олборлох зардлыг бууруулах ёстой. Нэг арга зам нь олборлогч компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах. Энэ арга замаар Баруун Цанхийг ажиллуулж байна.

Хоёрт хөрс тээвэрлэж байгаа зардлыг бууруулахын тулд конвейерийн систем тавих талаар тооцоо судалгаа хийж байна. Хуулсан хөрсийг хол зайд тээвэрлэж зардал гаргахгүй, конвейерийн системээр дамжуулаад овоолго үүсгэх боломжтой. Энэ ажлыг ирэх жилийн төсөвтөө суулгаад нэлээд шамдуу хийх төлөвлөгөө байна. Конвейерийн систем тавьснаар олборлолтын зардал 30%-иар буурах тооцоо гарсан.

Их хэмжээний нүүрсэн дээр энэ бол маш том тоо. Ер нь Монголчууд бид Тавантолгойн ордоо өөрсдөө олборлох бүрэн боломжтой. Өөрсдийн хийж чадах ажлуудаа бид өөрсдөө хийх ёстой. Бүгдийг гаднаас авна, гадныхнаар хийлгэнэ гээд байж болохгүй. Наад зах нь нүүрс ачилтаа өөрсдөө хийе гэсэн шийдвэр гаргаад ачилтын тоног төхөөрөмжүүдийн тендер зарлаад шалгаруулчихсан.

Ирэх оны эхнээс ачилтаа өөрсдөө хийнэ. Өөрсдөө хийхэд ачилтад гаргадаг зардал 50%-иар хямдрах тооцоо гарсан. Мөн энэ жил 1 куб метрийн олборлох зардлыг тоног төхөөрөмжөө шинэчилсний үр дүнд 15%-иар бууруулсан. Энэ жил эхлүүлсэн ажлуудын үр дүн ирэх жилээс шууд харагдана.

Цаашаа ч өөр боломжууд бий. Дэлхийд уул уурхайн салбарт түлшээр ажиллаж байгаа техник бараг үгүй, бүгд цахилгаанаар ажиллаж байна. Энэ нь зардлыг асар хэмнэдэг. Зүүн Цанхи дээр TTJVCO компани цахилгаан экскаватор ажиллуулъя гээд цахилгааны шугамаа татаад экскаватораа авчирчихсан байгаа. Одоохондоо ажиллаагүй. Холбогдох газруудын зөвшөөрөл авах, ТЭЗҮ-дээ тусгах зэрэг процессын ажлууд бий.

Энэ мэтээр олборлолтын зардлыг багасгах боломж өргөн байгаа. Гол асуудал нь эрчим хүчний эх үүсвэр. Тавантолгойн цахилгаан станцын асуудлыг таван жил ярилаа. Үнэхээр улс төрийн шийдэл дутаж байна.

Конвейерийн систем байгуулахад анхны хөрөнгө оруулалт нэлээд өндөр тусах байх. Компани дотоод эх үүсвэрээрээ шийдэх боломжтой юу?

Боломжтой юм билээ. Ямар ч гэсэн 6 км-т конвейер тавьчихад тийм ч өндөр зардалтай биш. Янз бүрийн эх үүсвэрээс мөнгийг босгох боломж бий. Өөрсдөө ч тодорхой хэмжээнд зардал шийдэх боломж байна.

“Эрдэнэс-Таван толгой” компани одоо хэчнээн хүнд ажлын байр бий болгож байна вэ? Мөн танай уурхайн нүүрсийг хэчнээн компанийн хэдэн жолооч тээвэрлэдэг юм бэ?

Компанийн баланс дээр бичигдсэнээр 645 ажилтантай. Гэхдээ үүний 240-өөд нь TTJVCO-д ажиллаж, тэндээс цалинждаг. “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулснаар 5500 гаруй хүн шууд ба шууд бусаар цалинжиж, амьдралаа залгуулж байна.

Нүүрс тээврийн хувьд худалдан авагч компаниудтайгаа гэрээ хийдэг. Тэд тээврийн компаниудтай гэрээ хийгээд, бүртгэлээ манай компани дээр бүртгүүлдэг. Манай дээр одоо 2600 гаруй машин бүртгэлтэй байна.

Танай компани өөрөө угаах үйлдвэр байгуулах асуудал яригддаг. Эхний ээлжинд нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Цаашдаа нэмэгдүүлсээр жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болох зорилтоо танилцуулж байсан. Энэ ажил юу болсон бэ?

Өөрсдөө угаах үйлдвэр барих талаар бид нэлээд судалгаа хийж, ТЭЗҮ ч боловсруулсан. Угаах үйлдвэр барьж өгье, хамтаръя гэсэн гадны компаниуд ч бий. Угаах үйлдвэрийн усны нөөцийн асуудлаа шийдээд зөвшөөрлөө авчихсан. Мөн эрчим хүчний шугам татах зэрэг ажлууд ахицтай байгаа.

Гэхдээ дэргэд том үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй байхад бид хажууд нь жижигхэн үйлдвэр бариад, төр хувийн компани хоёр хоорондоо өрсөлдөөд байх нь зөв шийдэл биш. Дээр нь усны нөөц бол говьд хамгийн ховор эд. Хэн хүссэн бүхэн угаана гээд дураараа үйлдвэр бариад өнөө хомсхон усны нөөцөө бараад байвал говийн бүс цөлжих аюултай. Тиймээс угаах үйлдвэр дээр асуудлыг олон талаас нь харсан зөв шийдэл хэрэгтэй.

Эрчим хүчний нүүрсээ одоо хэнд хэдээр борлуулж байна вэ?

Тонныг нь 15 доллараар Хятадын зарим компаниудад борлуулж байгаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилт тодорхойгүй байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК өрөө барагдуулж ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн энэ үед төмөр замын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд оролцоотой байх боломж бий юу?

Энэ бол байж болох боломжит хувилбар. Ямар нэг байдлаар тохироо хийж чадвал гадны хөрөнгө оруулагчаар төмөр замаа бариулаад, ашиглуулаад, буцаагаад хүлээж авах нөхцөлтэйгээр ажиллаж болно шүү дээ. Төлбөрийг “Эрдэнэс-Таван толгой” компанийн нүүрсээр, ашиг орлогоор дэнчин тавиад хийх боломжууд байгаа. Олон хувилбар байгаа байх.

Гэхдээ энэ асуудал манайд харьяалагддаггүй. Зам тээврийн хөгжлийн яам дээр төвлөрдөг. Компанийг урт хугацаанд өрсөлдөх чадвартай байлгая гэвэл төмөр замаа зайлшгүй тавих ёстой.

Тавантолгойг цогцоор ашиглах улс төрийн том шийдэл гарлаа гэхэд “Эрдэнэс- Таван толгой”-гоос хамааралтай бэлтгэл суурь ажлууд хэр хийгдсэн бэ?

Шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж байна. Эн тэргүүнд “Эрдэнэс-Таван толгой”-н бодит нөөц хэд болохыг тогтоох ёстой. Одоогийн ТЭЗҮ бараг 5-6 жилийн өмнө хийгдсэн. Бид энэ жилээс хайгуулын ажилд нэлээд хөрөнгө зарж байна. Цанхийн ордынхоо нөөц дээр нарийвчилсан хайгуул эхлүүлсэн. Бор тээг дээр хайгуулын ажил хийж байна.

Үр дүнд нь Баруун, Зүүн Цанхид хэд, хэддүгээр давхаргад ямар хэмжээний нөөц байгаа нь тодорхой болно. “Эрдэнэс-Таван толгой”-н нийт нөөц тодорхой болоод зогсохгүй өснө гэж харж байгаа. Баталгаажсан нөөцөө түшиглэн гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Дээр нь хөрөнгө оруулахыг хүсч байгаа компаниудын сонирхол нэмэгдэх, уян хатан болох талтай.

Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалах асуудлыг олон жил ярилаа. Бэлтгэл ажлууд өмнө ч хийгдэж байсан. Одоо “Эрдэнэс-Таван толгой” компаниас энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ 2018 оны 3 дугаар сарын нэгний өдөр хуралдсан. Уг хурлаас иргэдийн 1072 хувьцааны бүртгэлийг хийж, компанийн балансад бүртгэх үүргийг даалгалаа. Энэ дагуу 1072 хувьцааг бүртгэх ажил эхэлсэн бөгөөд бүртгэлээ компанийнхаа баланс дээр суулгасан. Түүнийгээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлснийхээ дараа хоёр дахь зах зээлд хувьцаагаа арилжих, үүнийгээ үндэслэн гадаадын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, гаднын зах зээл дээрээс мөнгө босгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эхний ажил болох баланс дээр нийт хувьцаа эзэмшигчийнхээ мэдээллийг бүртгэж авсан. Ингэснээр “Эрдэнэс-Таван толгой” компани өөрийнхөө баланс дээр 11.9 их наяд төгрөгийн бүртгэлтэй болсон. Ойролцоогоор 4.7 тэрбум ам.долларын баланстай компани болж байна.

Дараагийн ээлжинд бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж батлуулах шаардлагатай байгаа. Үүний дараа гэрчилгээнд бичилт хийж, Санхүүгийн зохицуулах хороо бүртгэлээ хийх ажил үлдээд байна. Бүртгэл дууссаны дараа иргэдийн 1072 хувьцаа албан ёсоор хөдөлгөөнд орж эхэлнэ. Төлөвлөсөн ажлууд хугацааны дагуу хийгдэж байна.

эх сурвалж: mongolianminingjournal.com

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here