Нүүр хуудас Эдийн засаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх ёслол боллоо

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх ёслол боллоо

1110
0
Эрдэнэт үйлдвэр ХХК
Эрдэнэт үйлдвэр ХХК
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх ёслол болж, уг үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл, О.Орхон, М.Мөнхбаатар, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэрийн удирдлагууд, ажилтнууд оролцлоо.

Үйл ажиллагааны эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг  ажлаас чөлөөлөх тухай, мөн Х.Бадамсүрэнг Ерөнхий захирлаар  томилох тухай тус үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга, Ажил хүлээлцэх комиссын дарга А.Дагвадорж уншиж танилцуулав.  Үүний дараа Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, шинэ ерөнхий захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тамгыг алд цэнхэр хадгийн хамт гардуулан өглөө.

2013-2016 оны 11-р сарыг дуустал буюу 4 жил орчим  хугацаанд  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж, дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн огцом бууралттай, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд үйлдвэрийг амжилттай удирдаж ирсэн Ц.Даваацэрэн энэ үеэр хамт олондоо хандаж үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсынхаа тэргүүлэх үйлдвэрт, хамгийн шилдэг менежерүүд, сайн ажилтан, ажилчид та бүхэнтэй 4 жил орчим хамтран ажилласандаа  би маш их баяртай байна.

Энэ хугацаанд та бид олон зүйлийг хийж бүтээсэн  ч бидний ажил хөдөлмөрийн зам бас дардан байгаагүй. Хэдийгээр бидэнд хүндрэл бэрхшээл багагүй байсан ч тэр бүхнийг хамтдаа даван туулж чадсан.  Өнгөрсөн хугацаанд надтай хамтарч, сэтгэлээрээ нэг байж ажилласан та нартаа маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” хэмээн талархлаа илэрхийлэв.

Харин Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдсон Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн байдал амаргүй байгаа. Энэ хүндрэл бол хамт олон, удирдлагаас шалтгаалсан гэхээсээ илүү жам ёсны, үйлдвэр олон жил ажиллаж байгаатай холбоотой. Уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Ийм нөхцөлд уурхайн гүн рүү хайгуул хийх, нөөц өсгөх боломжийг судлах учиртай.

Ил уурхайн хувьд агуулгыг ямар түвшинд хадгалах ёстой, хаягдал бохирдлын хэмжээг оновчтой түвшинд хадгалах гээд судалж, ярилцаж төлөвлөсөн олон ажил байгааг Даваацэрэн захирал надад хэлсэн. Тиймээс түүний хийж байсан энэ сайхан ажлуудыг үргэлжлүүлж, уламжлал шинэчлэлийн зарчмыг барьж ажиллах болно” гэж онцоллоо.

Ажил хүлээлцэх үйл ажиллагааны төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнийн уналт,  түүнээс  улбаалсан бусад асуудал, сорилт бэрхшээлүүдийн дунд  байсан.

Энэ хүнд үед үйлдвэр, хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулж, зэсийн өөрийн өртгийг 50 гаруй хувиар бууруулан дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай авч ирсэн Даваацэрэн захиралд Монгол улсын төр засаг, мөн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар томилох хүний асуудлыг Монгол Улсын Засгийн Газар нухацтай, ул суурьтай, тал талаас нь авч судалсны эцэст  Уул уурхайн яамны дэд сайдаар өнөөдрийг хүртэл ажиллаж байсан, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор, уул уурхайн салбарын томоохон зүтгэлтэн Х.Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүлж, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн  гишүүд 100 хувь санал нэгтэй томилсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here