Нүүр хуудас Эдийн засаг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 21 мянган айлыг эрчим хүчинд холбоно

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 21 мянган айлыг эрчим хүчинд холбоно

615
0

Улаанбаатар хотын гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн зургаан дүүргийн 40 орчим хороонд 63 дэд өртөөг шинээр байгуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 250 кВт-ын хүчин чадалтай агаарын дэд өртөө, 0.4 кВт-ын 1.14 км, 10 кВт-ын 0.33 км-ийн шугамын угсралтын ажлыг хийснээр тус хорооны гэрэл цахилгаангүй байсан 200 гаруй айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холболоо. Мөн 24 дүгээр хороонд 250 кВт-ын хүчин чадалтай агаарын дэд өртөөг байгуулснаар 130 гаруй айл өрхийг цахилгаанд холбов.

Нийслэлийн хэмжээнд 8000 мянган өрх айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй бөгөөд 6000 орчим нь Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид байна. Тус дүүрэгт хөдөө орон нутгаас шилжин ирэх айл өрх өдөр өдрөөр нэмэгдэж, суурьшлын бүс тэлэхийн хэрээр алслагдсан хороодод цахилгаан шугам хүрэх боломжгүй болжээ. Тус хорооны айл өрхүүд хамгийн багадаа 3-5 жил гэрэл, цахилгаангүй байсан бөгөөд 7 дугаар хорооны иргэн Б.Батноров есөн жилийн өмнө тус дүүрэгт шилжин ирж суурьшжээ. Ирсэн даруйдаа шалны халаалттай шинэ байшин барьсан ч тог, цахилгаангүйгээс гэр барьж амьдарч байсан гэнэ. Харин цахилгаанд холбогдсоноор тав тухтай орчин бүрдэж, шалныхаа халаалтыг ажиллуулаад байшиндаа амьдрах боломж бүрдсэнийг ярьж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр (2017.11.13)Сонгинохайрхан дүүрэг ажиллахдаа “Одоогийн байдлаар 60 гаруй агаарын дэд өртөөг шинээр байгуулж, 6000 айлыг цахилгаанд холбохоор ажиллаж байна. Өнөөдөр бид Сонгинохайрхан дүүрэгт холбосон дэд өртөөг хүлээж авлаа. Мөн энэ ондоо багтаан 123 шинэ дэд өртөөг ашиглалтад оруулна. 73 дэд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Нийт 21 мянган айлыг цахилгаанд холбож, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн шөнөдөө 4 кВт-ын хүчин чадалтай гэр халаах халаагуур залгах эрчим хүчний эх үүсвэрийн боломжийг бүрдүүлж өгнө. Өвлийн хүйтэн болсон ч манай салбарын хамт олон агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тодорхой ажлуудыг хийж байна. Айл өрхүүдийг цахилгаанд холбохоос гадна утааг бууруулах чиглэлээр энэ онд багтаан 68 уурын зуухыг зогсоож, нэгдсэн дулаанд холбохоор төлөвлөөд байна. Нийт 200 гаруй уурын зуух бий. Тиймээс ирэх хоёр жилийн хугацаанд багтаан бүх уурын зуухыг нэгдсэн дулаанд холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр агаарын бохирдлын асуудлыг нааштайгаар шийдэхэд хувь нэмэр болно гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 200 орчим км-ийн шугам татсан. Үүнээс хоёр дахин урт шугам татаж 200-гаад дэд станцыг нэг сарын дотор байгуулна гэдэг том ажил. Мөн 60 гаруй уурын зуухыг дулаанд холбоно гэдэг амаргүй. Гэхдээ үүнийг хийхийн төлөө манай салбарынхан ажиллана. Эдгээр ажилд 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгасан” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here