Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 52 саналын томьёолол бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ сайтар нягталж, нарийвчлан үзэх нь чухал хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр малын хулгай хийсэн бол 2-5 жилийн хорих ял ногдуулахаар байгаа, гэтэл гүйгүүл, алдуул малыг хотондоо байлгасныхаа төлөө малын хулгайн хэрэгт холбогдох эрсдэл үүсдэг. Тиймээс ногдох ялыг хорих биш торгууль ногдуулахаар өөрчлөх боломжтой эсэхийг лавлав. Түүнчлэн нийтийн албан тушаалтныг заналхийлсэн тохиолдолд хамгийн багадаа 5.4 сая төгрөгийн торгууль ногдуулахаар байгаа нь оновчгүй, мөн чанар муутай барилга, байшин бариулсан үндэслэлээр барилгын компанийн эзнийг торгох, хорих ял ногдуулахаар тусгасан байгаа. Гэтэл хяналт тавьж, зөвшөөрөл олгон, хүлээж авсан мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын Комисс зэрэгт ногдуулах хариуцлагын талаар ямар ч заалт байхгүй байгааг хэрхэн зохицуулах боломжтой талаар Ажлын хэсгээс асуусан юм. Малчид гүйгүүл болон алдуул мал хотонд нь ирсэн тохиолдолд харьяалах хэсгийн эрүүгийн төлөөлөгч болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс энэ тохиолдолд малчин малын хулгайн гэмт хэрэгт сэрдэгдэхгүй байх эрх зүйн зохицуулалт бий. Харин бусдын малыг эзэнд нь хэлэхгүйгээр авахыг “малын хулгай” хэмээн томьёолсон байдаг бөгөөд ял шийтгэлийн хувьд бууруулсан талаар Ажлын хэсэг тайлбарлав. Нийтийн албан тушаалтныг сүрдүүлсэнтэй холбоотой, чанар муутай барилга ашиглалтад оруулсантай холбоотой зүйл, заалт нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хөндөгдөөгүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22-т заасны дагуу энэ төслийн хүрээнд хэлэлцэх боломжгүй хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариулт өгсөн юм.
Ингээд дээрх хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэснээр анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.