Нүүр хуудас Эдийн засаг “Санхүүгийн боловсрол” аян эхэллээ

“Санхүүгийн боловсрол” аян эхэллээ

125
0

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк “Санхүүгийн боловсрол” аяныг санаачлан хэрэгжүүлэхээр боллоо. 2017 оны 10 дугаар сарын 03-ноос 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжих тус аяны нээлт өнөөдөр болж, Монголбанк, БСШУСЯ, Монголын Банкны холбоо, Их дээд сургуулийн багш, судлаачид, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Монгол банкны ОНБМТ-ийн Мэдээлэл лавлагааны албаны ахлах мэргэжилтэн М.Нургул “Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, үр дүнгийн талаар, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, эдийн засагч Л.Оюун “Хувь хүний санхүүгийн удирдлага” сэдвээр тус тус илтгэл тавив.

“Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд Монголбанк, БСШУСЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо бүх нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран оролцох бөгөөд санхүүгийн боловсролын үндсэн суурь ойлголтуудын талаар олон нийтэд хандсан сургалт, уулзалтууд хийх ажээ.

Тус уулзалт сургалтаар санхүүгийн үйлчилгээтэй холбоотой мэдлэг, мэдээллээр хангах, аливаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, оновчтой шийдвэр гаргадаг байх, хувийн болон өрхийн санхүүгээ удирдах зөв дадал, хэвшилтэй болгосноор өрх гэрийн орлогоо оновчтой хуваарилдаг болох, ингэснээр улс орны хөгжилд иргэн бүр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж буй юм байна.

“Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монголбанк, БСШУСЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран 2016 оноос хэрэгжүүлж буй бөгөөд хөтөлбөрийн үр дүнд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хувь хүний санхүү” хичээлийг сонгон судлуулдаг болжээ.

Мөн хувь хүний санхүүгийн суурь ойлголтууд болох төсөв, санхүүгийн төлөвлөлт, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, даатгал гэх зэрэг сэдвээр гарын авлага товхимлууд боловсруулж нийтийн хэрэгцээнд түгээх, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн боловсролын хичээлийг заах үндэсний хэмжээний сургагч багш нарыг үе шаттай бэлтгэх зэрэг олон ажлууд хийгдэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here