Нүүр хуудас Эдийн засаг “Хятад шиг бага зардлаар Японоос илүү чанартай бүтээг­­дэхүүн үйлдвэрлэнэ”

“Хятад шиг бага зардлаар Японоос илүү чанартай бүтээг­­дэхүүн үйлдвэрлэнэ”

314
0

“Санко Соолар Монголиа” компани нь 2011 оноос хойш нарны дэлгэцийг үйлдвэрлэж эхлээд хэдийн зургаан жил болж байгаа бөгөөд нарны зайн дэлгэцийг Монголдоо үйлдвэрлэж, Япон Улс руу экспортонд гаргаж байна. Эднийх нийт 26 монгол ажилтантай бөгөөд жилд арван хоёр МВт буюу 44 мянган ширхэг нарны дэлгэцийг үйлдвэрлэдэг юм байна. Нэг сард 1 МВт буюу 3700 ширхэг нарны дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Ийнхүү тэдний үйлдвэрлэсэн нарны зай Японы Фукушима муж дахь 2 МВт нарны цахилгаан станц болон Сайтама мужид 1.9 МВт нарны цахилгаан станц зэрэгт ашиглагддаг аж. Мөн айл өрхийн зориулалттай цахилгаан үүсгүүрийн системд хэрэглэдэг гэнэ. “Санко Соолар Монголиа” компанийн Ерөнхий менежер О.Батгэрэл: Нарны зайн дэлгэцийг үйлдвэрлэхэд гар ажиллагаа багатай ч маш нарийн дараалалтай байдаг юм билээ. Хамгийн эхлээд нарны дэлгэцийн бүрдэл хэсгүүдийг элемент холболтын автомат төхөөрөмжөөр холбоод дараа нь эгнээ холболтын машинд шилжүүлэн нийт 60 ширхэг элемэнтийг тугалган утсаар холбон, 145 градус бүхий ламинаторийн машинд оруулдаг юм байна. Дараа нь нарны дэлгэцийг шалгасан ажилтан чанарын шалгалтуудыг хийж, дамжлагын бүртгэлийн хуудсанд тэмдэглэл хөтлөн баталгаажуулдаг аж. Ингээд дэлгэц хэлбэрээ олж гарсны дараа тугалга хайлуулж, нүх гарган холболтын хайрцаг байрлуулна. Эдгээр шат дамжлагын дараа дэлгэцийг хөнгөн цагаанаар хүрээлэх шаардлагатай. Эцэст нь нарны зайн дэлгэцийг цэвэрлэн, хэмжилт хийнэ. Хэмжилтэд солар симулятор ашигладаг. Энэ дамжлага нь линзнээс 1000 Вт/м2 буюу нарны цацрагтай ижил хэмжээний гэрлийг дэлгэц рүү тусгаж, цахилгааны үзүүлэлтүүдийг хэмжиж батал­гаа­жуулдаг. Ингээд нарны дэлгэцийн дотоод бүтцийн шалгалт руу ордог. Дэлгэцийн туйл дээр урвуу хүчдэл өгч тухайн агшинд дотоод бүтцийн рентген  зургийг авдаг байна. Энэ нь хүний нүдэнд үл харагдах нарийн хагарлыг шалгаж байгаа юм. Өчүүхэн төдий ч хага­рал үүсэх, үйлдвэрлэх үед ху­руу­ны хээ гарах, тоос хүрэх төдийд гологдол болдог. “Хятад шиг бага зардлаар Японоос илүү чанартай бүтээг­­дэхүүн үйлдвэрлэнэ” гэсэн уриатай “Санко Соолар Монго­лиа” компанийг үүсгэн байгуу­лагч залуучууд анх Японд энэ чиглэлээр ажиллаж мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Ин­гээд япончуудын итгэлийг олж хөрөнгө оруулалт татахаар болсон байна. Тэдэнд Японы “Санко Сэйки”  компани хөрөнгө оруулахаар болж, Монголд нарны зайн дэлгэц үйлдвэрлэх боломж бүрдсэн түүхтэй. Хөрөнгө оруулагч Японы “Санко Сэйки” компани нь 1964 онд байгуулагдсан бөгөөд 55 нэр төрлийн хөнгөн цагааны хайлшаар нарийн технологи бүхий  роботын жижиг эд анги үйлдвэрлэн Японы Konica Minolta (Оффисийн зориулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч), Mitsubishi denki (Даралтат тоног төхөөрөмж үйлдвэрлэгч), Brother (Хагас дамжуулагч, шингэн кристалл үйлдвэрлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч), Canon (Эмчилгээний болон эм үйлдвэрлэх  тоног төхөөрөмж үйлдвэрлэгч) компаниудад бүтээг­дэхүүнээ нийлүүлэн хамт­ран ажилладаг байна. Энэ том компани Монголын жирийн залуучуудыг тоосон учир нь ажиллах чадвар, итгэлтэй байдал зэрэгт нь татагджээ. Мөн Монголд үйлдвэрлэл явуулахад ашиглалтын зардал харьцангуй хямд байдаг нь нөлөөлсөн байна. Мөн 2011 онд сэргээгдэх эрчим хүчний бизнес Японд эрчээ авч байсан зэрэг нь монгол залуучуудад хөрөнгө оруулахад нөлөөлсөн байна. Монгол орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй, түүнийг үр ашигтай ашиглах байгаль цаг уурын таатай нөхцөл бүрдсэн байдаг. Улсын нийт нутаг дэвсгэрт жилийн 270-300 өдөр цэлмэг, нарны гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2250-3300 цаг байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Дээрээс нь нарны цацраг чанар сайтай, агаар нь сийрэг тунгалаг учраас цахилгаан үйлдвэрлэх чадамж өндөр байдаг байна.  “Санко Соолар Монголиа” компани үйл ажиллагаандаа япон менежментийг удирдлага болгодог бөгөөд чанарын удирдлагын тогтолцоо ISO9001-ийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна. Цаашлаад Европын холбоо, Азийн орнуудад экс­порт­лох зорилгоор олон улсын стандартын “TUV Rheinland Japan” байгууллагын батлам­жийг авч, Японы “NPC Incorporated” компанид үйлдвэрлэсэн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байгаа аж. Бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болон дагалдах түүхий эдийг сонгохдоо дэлхийд танигдсан, өндөр чанартай нарны зайн түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм байна. Тухайлбал, нарны зайн үндсэн түүхий эдийг Тайван Улсаас, харин бусад түүхий эдийг Герман, Япон, Малайз зэрэг орноос авчирдаг гэнэ. Эднийх анхны экспортоо 2012 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 10 МВт бүтээгдэхүүн буюу 40 мянга гаруй нарны зайн хавтан Япон Улс руу экспортлоод  ойролцоогоор 13 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, дотоодын зах зээлд 500 кВт-ын бүтээгдэхүүн нийлүүлсэн аж. Дотоодын гол хэрэглэгчид нь малчид бөгөөд 75, 150 Вт-ийн цахилгаан үүсгүүрийг сонгодог болохыг үйлдвэрийнхэн хэллээ. Малчдын хэрэгцээнд зориулсан нарын дэлгэцийг 380 мянган төгрөгөөр худалдаалж  арван жилийн чанарын баталгаа өгдөг.  Энэхүү үйлдвэр өнөөдрийн байдлаар зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн буюу 75 Вт-320 Вт-ын нарны зай үйлдвэрлэж байгаа аж. “Санко Соолар Монголиа” компани ажилчин бүрийнхээ чадавхийг бэхжүүлэх зорил­готой бөгөөд нарны эрчим хүчний чиглэлээр Япон Улсад докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаач, Япон, Германд магистрын зэрэг хамгаалсан инженерүүд, МУИС, ШУТИС, “Хүрээ” дээд сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний ангид суралцаж төгссөн залуучууд ажилладаг гэнэ. Эднийх ажилчдаа Япон, Тайван Герман улсуудын ижил төстэй нарны зайн үйлдвэрт дадлагажуулан ур чадвараа дээшлүүлэхэд анхаар­даг. Түүнчлэн Япон Улсад нарны цахилгаан станц, өрхийн нарны цахилгаан үүсгүүрийн системийн суу­рилуултын чиглэлээр манай инженерүүд дадлагажин ажиллаж амьдарч байгаа юм байна. Нөгөөтэйгүүр монгол залуучуудын бүтээл Японы зах зээлд гарч байгаа нь цаашдаа дэлхийн хаана ч Монголын инженерүүд гологдохгүй, ур чадвараараа тэргүүлэх боломж­той гэдгийг харж болохоор байгаа юм. Монгол Улс 2017 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийсний нэг нь Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орсон, Улаанбаатар хотын баруун зүгт байрлах /61 –ийн гарам орчимд/ 10 МВт-ын нарны цахилгаан станц болон Өмнөговь аймгийн Цогтцэций суман дах 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дах салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байна.  Энэ бүхний үр дүнд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2017 оны эцэс гэхэд 120 МВт-д хүрнэ гэж тооцож байгаа юм билээ. Энэ мэтчилэн манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд бий ч, бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. “Санко Соолар Монголиа” компанид ч гэсэн дээрх хүндрэл бэрхшээл тулгардаг байна. Учир нь манай улсад дотоодын үйлдвэрийг дэмжих бодлого зохицуулалт байхгүй учраас ижил төрлийн, хямдхан, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гаднаас ихээр орж ирдэг. Тиймээс иргэд хямдыг нь бодож чанаргүй бүтээгдэхүүн худалдаж авах тохиолдол их байдаг учраас төрийн зүгээс  гааль, татвар, урамшуулалын бодлогодоо анхаарч, дэмжих хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Нарны цахилгаан станц дуу чимээ гаргахгүй, хорт бодис ялгаруулахгүй, байгальд хор нөлөөгүй, ашиглалтын зардал маш бага зэрэг эерэг нөлөөтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here