Нүүр хуудас Эдийн засаг “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ БА ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ БА ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

249
0

Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Яаралтай тусламж ба шийдэл”  хэлэлцүүлгийг ЭМЯ дээр зохион байгуулж, тус яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлөөс тодорхой шийдлүүдийг тавин холбогдох албаны хүмүүстэй санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Үндэсний хэмжээний түргэн тусламжийн тогтолцоог боловсронгүй болгох үүднээс бодлогын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргах асуудлууд тулгараад байна.

Яаралтай тусламжийн асуудал бол эрүүл мэндийн салбарын бодлогын нэг чухал хэсэг төдийгүй иргэн, хувь хүн өөрөө өөртөө болон бусдад үзүүлэх анхны тусламж, түргэн тусламж, мөн эмнэлгийн бус цагдаа, онцгой байдлын алба, гал түймэртэй тэмцэх байгууллага, улаан загалмайн ажилтнуудын тусламж зэргээс хамааралтай байдаг. Иймээс эмнэлэг хүртэл яаралтай тусламж үзүүлж хүний амь насыг аврах асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэн болон дээрх мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаатай салшгүй  холбоотой юм.

Шинжлэх ухаан, техник технологийн хөгжил, хотжилттой холбоотой хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөн, хүн амын дундах зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэх өвчин, тархинд цус харвах зэрэг гэнэтийн өвчлөл, осол гэмтэл нэмэгдэхийн сацуу яаралтай тусламжийн хэрэгцээ, шаардлага шууд хамааралтай өсч байна. Мөн түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.  2010 онд улсын хэмжээнд нийт дуудлага 686579 байсан бол 2015 оны байдлаар 791134 болж 15.8 хувиар нэмэгдсэн байна. Гэвч  түргэн тусламжийн дуудлагын тоо ихсэхийн сацуу яаралтай биш дуудлагын хувь төдийлөн буурахгүй байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй байна гэв.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа осол гэмтэлд өртсөн тохиолдолд “АЛТАН ЦАГ” буюу эхний 1 цагт анхны тусламжийг шуурхай үзүүлж чадвал нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг 2 дахин бууруулж чадна гэж үздэг. Судалгаанаас үзэхэд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг хугацааны хувьд хэр зэрэг эрт үед нь үзүүлсэн чанараас хамаарч осол гэмтлийн дараах нас баралт 22-25%, зүрх судасны өвчлөлийн нас баралт 15% буурах магадлалтай байдаг нь батлагджээ.

Түүнчлэн тэрээр иргэдэд яаралтай тусламжийг үзүүлэхэд нийслэлийн хувьд хүн ам нэмэгдсэн, шинээр хороод байгуулагдаж байгаа, хаягжилт, гэрэлтүүлэг муу, замын түгжрэл, жолооч нарын замын хөдөлгөөний соёл хангалтгүй, иргэдийн хувьд хугацаа алдаж дуудлага өгдөг, эрүүл мэндийн боловсрол дутмаг зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарч байна. Мөн судалгаанаас үзэхэд эхийн эндэгдлийн 4-5 хувь нь алслагдсан байдал, гэрийн хаяг тодорхойгүй, ууланд жалганд гэрээ барьсан, отроор нүүдэллэсэн, холбоо харилцаа муу зэргээс шалтгаалж тусламж оройтсон, хүндэрсэн хойноо эмнэлэгт хандсан байдгийг мөн хэллээ.

Эрүүл мэндийн яамны хувьд эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн чиглэлээр Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хууль, үндэсний хөтөлбөр, стратеги батлуулан хэрэгжүүлж байна.

2010 онд Засгийн газрын 318 дугаар тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөр  2 үе шаттай хэрэгжээд  үндсэндээ дуусч байна. Уг хөтөлбөрийн хүрээнд  дуудлагын 20 минутын хүлээгдлийн хувь нэмэгдсэн, яамны яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлтэй болсон, төгсөлтийн дараах сургалтын индексэд  яаралтай тусламж судлалыг оруулж анхны мэргэшсэн эмч, сувилагчийг бэлдэж төгсгөсөн,  нийслэлийн хүн амд үзүүлэх  түргэн тусламжийн төвлөрлийг сааруулах зорилгоор иргэд олноор суурьшдаг БЗ, СХ, Хан уул дүүрэгт түргэний салбарыг шинээр байгуулсан, ДЭМБ ын яаралтай болон мэс заслын тусламжийн хамтын ажиллагааны дэлхийн анхны төвийг АШУҮИС ийг түшиглэн байгуулсан, анагаахын сургуульд яаралтай тусламжийн тэнхим байгуулагдсан, ЭМЯ – нд  шуурхай удирдалгын төвийн байгуулагдсан зэрэг томоохон амжилттай ажлууд байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.

Гэвч алдаа  дутагдал, тулгамдсан асуудлууд байсаар байна. Тухайлбал, түргэн тусламжийн автомашин хуучирсан, ихэнх нь зориулалтын биш, багаж тоногт төхөөрөмжийн хангамж муу, дэд бүтэц, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж дутмаг, энэ салбарын эмч мэргэжилтэн нь яаралтай тусламжийн технологи, арга барилыг бүрэн мэргэшээгүй байдал нөлөөлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа осол гэмтэлд өртсөн тохиолдолд “АЛТАН ЦАГ” буюу эхний 1 цагт анхны тусламжийг шуурхай үзүүлж чадвал нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлийг 2 дахин бууруулж чадна гэж үздэг. Судалгаанаас үзэхэд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг хугацааны хувьд хэр зэрэг эрт үед нь үзүүлсэн чанараас хамаарч осол гэмтлийн дараах нас баралт 22-25%, зүрх судасны өвчлөлийн нас баралт 15% буурах магадлалтай байдаг нь батлагдсан байдаг.

Иймд яаралтай тусламжийн асуудлыг цогцоор нь харж, нэгдсэн төв байгуулах, түргэн тусламж үзүүлэх цэгүүдийг нэмэгдүүлэх, анхан шатны эмнэлгүүдийн түргэн тусламжийн чадавхийг сайжруулах, үр дүнтэй зохион байгуулалтанд оруулах, иргэдийн анхны тусламжийн эрүүл мэндийн боловсролыг  сайжруулах түргэн тусламжинд орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах, түргэн тусламжийн машины шинэчлэл хийх, нисдэг тэрэг, онгоц ашиглах, түргэн тусламжийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг боловсронгуй болгох, зайн оношлогоо, эмчилгээ болон хөдөлгөөнт эмнэлгийг ажиллуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг цогцоор нь үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here