Нүүр хуудас Эдийн засаг 2020 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэж, орлогыг 1.1 тэрбум ам.долларт...

2020 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэж, орлогыг 1.1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавив

91
0
tuuhen-aylal-juulchlal
2020 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэж, орлогыг 1.1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавив

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор БОАЖЯ-наас “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2019-04-22/ зохион байгуулав.

Энэхүү чуулган нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, жуулчлалыг дагасан худалдаа үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар тогтвортой хөгжлийг цогцлоох боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Түүнчлэн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт олон улсын хөгжлийн болон хандивлагч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн анхаарлыг хандуулах зорилготой аж.

Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж, ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн нийт 800 гаруй төлөөлөгчид оролцов.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,

Дэлхий нийтэд аялал жуулчлалын салбарын хөгжил жилээс жилд эрчимжиж, олон улсын жуулчдын тоо 1.3 тэрбумд хүрч, 1.3 их наяд ам.долларыг зарцуулсан байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчдын их урсгал Ази номхон далайн бүс нутаг руу, ялангуяа Эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн их өв соёлыг шимтэн сонирхож байгааг дэлхийн томоохон аялал жуучлал болон соёл урлагийн судалгааны байгууллагууд онцолж байна. Харин бид энэ давуу тал, онцлог байдлаа төрийн бодлогын гадна орхиж, түүх соёлоо олон улсад сурталчлан таниулах, ард олноо соён гэгээрүүлэх, хүнээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж чадаагүй нь нууц биш юм. Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилго тавьж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэх, салбарын орлогыг 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наяд төгрөгт хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байгаа энэ цаг үед “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт”-ын чуулган болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлохыг хүсэж байна” гэв.

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой аялал жуулчлал” төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр байгуулж, аялал жуулчлалын салбарт анх удаа 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис” хаан төслийг 19 сая ам.доллароор, Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумдад “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг 19 сая ам.доллароор тус тус хэрэгжүүлэх юм.

Энэ төслүүд нь Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг албаныхан онцолж байв.

Тиймээс энэхүү чуулганаар, байгалийн аялал жуулчлалын төвөөр Хөвсгөл аймаг, түүхэн аялал жуулчлалын төвөөр Хэнтий аймаг, соёлын аялал жуулчлалын төвөөр Улаанбаатар хотыг зарлаж байгаа тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Тэрбээр, “Ази, номхон далайн бүс рүү аялал жуулчлал чиглэж эхэлжээ. Асар олон хүн ирэхэд бэлэн болсон байна.

Монголын их эзэнт гүрэн 25 жилийн дотор 33 сая хавтгай дөрвөлжин километр газарт 18 улсыг дамнан оршсон. Үүнд түүхийн асар их холбогдол, дэлхийн өв байгаа юм. Тухайн үед 325 сая орчим хүн энэхүү эзэнт гүрэнд багтаж байжээ. Хэрвээ бид аялал жуулчлалаа “брэнд” болгож чадвал тэдгээрийн үр хойч биднийг мах цусны тасархай гээд хүрэлцэн ирэх боломж нээгдэнэ. Тэдний хувьд байшин, барилгаас илүүтэй түүхэн газрууд хэрэгтэй.

Монголын Засгийн газар өнгөрсөн 27 жилийн турш байгаль, түүх дурсгалын газарт тодорхой бодлого гаргаж чадаагүй. Тэр байтугай, Гутайн даваанд ашигт малтмалын лиценз олгоод ухаж байсан эмгэнэлт дүр төрх бий. Өнөөдрийн чуулганаар, Хэнтий аймагт дахин лиценз олгохгүй байх асуудлыг шийдлээ. Мөн Засгийн газраас Чингис хааны өв соёлын хүрээлэнг Хэнтий аймагт байгуулах шийдвэр гаргасан” гэв.

Мөн тэрээр, Хэнтий аймагт байгуулах түүхэн аялал жуулчлалын цогцолборыг Тува улстай авто замаар холбох төсөл хэрэгжүүлж байгааг дуулгасан. Ингэснээр Тува улсаар дамжин олон сая жуулчны урсгал бий болно гэлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат,

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, Дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, экспортын 7 хувь, үйлчилгээний экспортын 30 хувийг тус тус бүрдүүлж, ажил эрхэлж буй 10 хүн тутмын 1 нь тус салбарт ажлын байраар хангагдаж, тэр дундаа Ази, номхон далайн бүс нутгийн ДНБ-ий 9,8 хувийг, нийт ажлын байрны 9,3 хувийг тус тус аялал жуулчлалын салбар бүрдүүлж буй үзүүлэлттэй байна.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээс үзэхэд 2017 онд олон улсад 1.3 тэрбум жуулчин аялж, тэдгээрээс 1.4 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 323 сая жуулчин Ази, номхон далайн орнуудад аялж, 390 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1.8 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс хамгийн өндөр өсөлтийг Ази, Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлөвтэй.

Монгол Улсын хувьд, 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган гадаад жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 569 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз ажиллаж 34 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна.

Зүүн бүсийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зорьж, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Чингис хаан, Нууц товчоотой холбоотой түүхэн газар нутгуудад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн” гэлээ.

“Монгол Улсын нийт зочид буудал 14 мянган ортой гэсэн тооцоолол байгаа нь сард 300 мянган жуулчин хүлээн авах боломжтой. Аялал жуулчлалыг дагаад Монгол Улсад ажлын байр нэмэгдэнэ” гэдгийг Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэлэлцүүлсэн илтгэлдээ онцолж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here