Орчин үед агааржуулагчийг хэрэглэдэггүй айл өрх гэж бараг байхгүй болсон. Угаалгын өрөө, автомашин, шаардлагатай гэж үзвэл унтлагынхаа өрөөндөө хүртэл үнэртүүлэгч тавьсан айл өрх олон байдаг. Өрөө тасалгааг анхилам сайхан үнэрээр “Тэжээж” байдаг энэхүү агааржуулагч нь хүмүүсийн эрүүл мэндийг чимээгүйхэн хордуулж байдаг гэнэ. Тэгвэл агааржуулагчийн найрлагад орсон химийн бодисууд нь хүний биед маш сөрөг нөлөөтэй болохыг мэргэжилтнүүд олж тогтоогоод байна. Энэ талаар судлаачид “Хүмүүс агааржуулагчийг элдэв янзын үнэрийг дарж байна гэж буруу ойлгодог. Агааржуулагч нь үнэрийг дарах биш илүү хурц үнэр ялгаруулан, дарангуйлж байдаг. Найрлага дахь бодисууд янз бүр. Агааржуулагч үйлдвэрлэх явцад формальдегид болон бензол гэсэн хоёр бодис үүсдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон” гэнэ. Агааржуулагчийг үнэрээ удаан барих үйлчилгээтэй болгохын тулд олон төрлийн химийн бодис ашиглаж, тэр бүгд эргээд хүний бие эрхтэнд сөргөөр нөлөөлж, аажим өвчлүүлдэг болохыг АНУ-ын Ореган мужийн байгаль орчны зөвлөл илрүүлжээ. Ихэнх үйлдвэрлэгчид агааржуулагчид ямар бодис орсон талаарх танилцуулга, хүний биед харшлах нөлөөтэй эсэх заавар бичдэггүйгээс хүмүүс аюулд өртөж байгаагаа мэддэггүй байна. Агааржуулагчид орсон химийн бодисын хор хөнөөл: Бензол- Энэхүү химийн бодис нь хүний биед дараах сөрөг нөлөөг үзүүлдэг гэнэ. Нүд, арьс, хамар, хоолой үрэвсэх; толгой өвдөх, дотор муухайрах, хөл гуйвах, стрессэд орох; хоолонд дургүй болох, арьс хавагнах, ядрах зэрэг шинж тэмдэг бензолд хордсон хүмүүсээс илэрдэг байна. Хамгийн аймшигтай нь генийг хордуулж, хүний удмын санд сөрөг нөлөө үзүүлдэг. Формальдегид- Маш хортой бодис бөгөөд харшил үүсгэх, хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Формальдегид бодисыг 2012 онд олон улсын хорт хавдрыг судлалын агентлагаас хорт хавдар үүсгэгч мөн гэж баталсан. Энэ бодис нь эсийн хөгжлийг гажуудалд хүргэдэг аюултай аж. Агааржуулагчид хамаарах зүйлс: -Хүж
-Агааржуулагч
-Үнэртэй лаа
-Машины үнэртүүлэгч
Хүүхдэд хамгийн их хортой
Байнга үнэртүүлэгч бодис ашиглах нь бага насны хүүхдүүдэд асар хортой. Хүүхдүүдийн бие жижиг, амьсгал нь хурдтай, цусны эргэлт сайтай учраас биеэр нь хорт бодис хурдан тархдаг байна. Ялангуяа 10 наснаас доош насны хүүхэдтэй бол янз бүрийн үнэртэгч бодис бага ашиглахаас татгалзах ёстойг эмч нар зөвлөж байна. Элдэв хурц үнэр хүний мэдрэлийн эрхтэнд маш хүчтэй нөлөөлдөг бөгөөд хүүхдийн мэдрэлийн системийг гэмтээх ноцтой аюултай болохыг мэргэжилтнүүд сануулсаар байна.