Нүүр хуудас Эрүүл мэнд Академич Д.Батсүрэн “хорт хавдар”-ыг эмчлэх эм бүтээжээ

Академич Д.Батсүрэн “хорт хавдар”-ыг эмчлэх эм бүтээжээ

526
0

Академич Д.Батсүрэн Монгол орны 50 гаруй зүйл эмийн ургамал дээр 40 гаруй жилийн турш эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил хийж, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлсны дотор шинжлэх ухаанд урьд өмнө нээгдээгүй байсан 37 байгалийн нэгдлийг олж тогтоожээ.

Тэрээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаж буй юм. Энэхүү мэргэжлийн үг хэллэг бүхий бүтээлийг энгийнээр тайлбарлахад тэрээр хорт хавдрыг эмчлэх шинэ бодисыг ургамлаас нээн, гарган авсан байна.

Тодруулбал, Академич Д.Батсүрэн дагуурын хүж өвснөөс дауринол нэртэй өвөрмөц бүтэц бүхий шинэ бодис нээж, түүний бүтэц байгууламжийг баталжээ. Одоогийн байдлаар дауринол нэртэй бодис Монгол, ОХУ, БНХАУ-д ургадаг хүж өвсөнд хуримтлагдан нийлэгждэг, олон төрлийн хорт хавдар, үүний дотор бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдарт идэвхтэй нөлөөлдөг нь тогтоогдсон байна.

Тэрээр энэ шинэ бодисоо нээснийхээ дараа “Байгалийн нэгдлийн хими” сэтгүүлд нийтлүүлж, 1982-1983 онуудад “Chemical abstracts”, “Реферативный журнал”-д бүртгэгдсэнээр олон улсын хэмжээнд баталгаажуулсан байдаг. Түүний дараа АНУ-ын Эрүүл мэндийн институтын Хорт хавдар судлалын төвийн захирал хамт судалгаа хийх санал тавьсан байдаг ч тухайн цаг үед нам засаг өөр байсан учир капиталист улстай харьцаж болохгүй гэдэг үүрэг өгснөөс судалгаагаа эхлүүлж чадалгүй хойшлогджээ.

2002 онд БНСУ-ын хэсэг эрдэмтэдтэй хамтарч төсөл хэрэгжүүлж байхдаа энэ бодисоо танилцуулж судалгаагаа эхлүүлсэн байна. “In Vitro ба In Vivo” судалгааны дүнд уг бодис нь хорт хавдрыг эмчлэхэд хүчтэй нөлөө үзүүлж байгааг дахин баталснаар, эхлээд Солонгосын патент, дараа нь АНУ-ын патентыг тус тус авчээ. Уг бэлдмэлийн туршилтыг шулуун, бүдүүн гэдэсний хорт хавдрын эс болон ходоод, уушги, хөх, элэгний хорт хавдрын эсийн өсгөврийн шугамуудад зургаан жилийн турш явуулсан байна. Энэхүү бэлдмэлийн хамгийн гол ажил болох эмийн цэвэр бодис ялгах, эмийн бэлдмэлийн суурь судалгааны ажлыг Монголын талын зохиогчид гүйцэтгэсэн бол молекулын биологи, биотехнологийн цуврал туршилтыг Солонгосын эрдэмтэдийн баг хийж гүйцэтгэжээ.

Туршилтын явцад дагуурын хүж өвс буюу “Dagurix” бэлдмэл нь:

-Хавдрын эсийн S фазыг зогсоов

-Эсийн үржин, нэмэгдэх идэвхийг тав дахин бууруулав

-Хавдрын эс үржихгүй болох нөхцөл бүрдэх тохиол байв

-Хавдрын эсийг хөдөлгөөнгүй болгож байгааг хуруу шилний аргаар нотлов. Эдгээр туршилт судалгаануудын дараа “Dagurix”-ыг амьд эс дээр буюу хорт хавдрын эсийг амьтны хэвлийд тариад, эмгэг загвар үүсгэн, үйлчлэгч бодисоо өгч туршив. Амьтан дээр хийх судалгааны явцад маш хүчтэй хавдар устгагч бодис болохыг тогтоосон байна.

Тэрээр энэхүү тулгуур судалгааг ашиглан нээсэн шинэ нээлтээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг хүртэж, 100 сая төгрөг хүртсэн билээ. Цаашид шинэ эмийг хурдан хугацаанд үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх талаар төрийн захиргааны холбогдох байгууллагууд анхаарч ажиллах чиглэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн ч одоогоор практикт нэвтрүүлэх хөрөнгийн хэмжээнээс шалтгаалан ажил удаашралтай байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here