Зудын эрсдэлтэй аймгуудад ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН гардуулан өглөө
Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөн зудын нэн их эрсдэлтэй байгаа Булган аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төв, мөн тус аймгийн Яруу сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Эрүүл мэндийн яамнаас 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг хийж байна.
Уг арга хэмжээнд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын зөвлөх Ц.Батжаргал болон аймаг орон нутгийн түргэн тусламжийн автомашины жолооч нар оролцлоо.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дуудлагын жолооч Б.Батсайхан: Манай сум Улаанбаатар хотоос алслагдсан, хамгийн хүйтэн цэг, 10 мянга хүн амтай. Явуулын болоод түр оршин сууж буй иргэдтэйгээ нийлээд13 мянган гаруй хүн амд хүрч, 150 км-ийн радиуст дуудлага авдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 2000 орчим дуудлагад явдаг. Манайд хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад, халтиргаа гулгаа ихтэй нөхцөлд туулах чадвар сайтай фургон хамгийн тохиромжтой байдаг.
Булган аймгийн Сайхан сумын ЭМТ-ийн дуудлагын жолооч Б.Орхон: Хөдөө орон нутагт уултай, хадтай маш их бартаатай замаар явдаг учраас фургон машин л хэрэгтэй байдаг. Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар олон жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.
Цаашид орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд, тэдний хүсэлтэд тулгуурлан, туулах чадвар сайтай автомашинаар сум, хорооны эрүүл мэндийн төвүүдийг хангахаар ажиллаж байна.