П.Н Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт БНЭУ-аас мэргэжлийн эмч нарын баг хүрэлцэн ирж, манай улсад өмнө хийгдэж байгаагүй нарийн хагалгааг Дэлхийн стандартын дагуу үнэ төлбөргүй хийж байна. Тус эмнэлэгт Олон улсын “Ротари” сангийн санхүүжилтээр Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНЭУ-ын эмч нарын багийн хамтран хэрэгжүүлэх “Глобал грант” төслийн хүрээнд зургаан эмч 8-р сарын 28-ны өдөр иржээ. Манай улсад ирсэн Энэтхэг улсын багийн эмч нар гуравдугаар эмнэлэгт нэн шаардлагатай 17,4 сая төгрөгийн урологийн багаж тоног төхөөрөмж авчирчээ. Энэхүү тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шинэ аргаар давсаг, түрүү булчирхай, шээсний зам чөлөөлөх, бөөрний хагалгааг дурангийн аргаар хийж эхэлсэн байна. Түүнчлэн хэт таргалалтын эсрэг хагалгааг анх удаа хийж эхэлсэн байна. Ингэснээр гадны оронд өндөр үнэтэй хийгдэх хагалгааг өөрийн улсдаа хийх бүрэн боломж нээгдсэн аж. Манай улсад хэт таргалалтын эсрэг болон урологийн /бөөр, шээсний замын/ хагалгааг өмнө нь хийж байгаагүй бөгөөд дээрх Энэтхэг эмч нарын тусламжтай хоёр шинэ аргаар хийгдэх хагалгааг эх орондоо бүрэн суурьшуулж чаджээ.
Гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч М.Ганбаатар: -Олон улсын “Ротари” сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, БНЭУ-ын эмч нарын багийн хамтран хэрэгжүүлэх “Глобал грант” төслийн хүрээнд энэтхэг эмч нар манай эмнэлэгт ирж ажиллаж байна. Манай улсад Энэтхэг Хонконгийн багийн эмч нар таван эмнэлэгт хуваагдан ажиллахаар ирсэн байгаа. Манай эмнэлэгийн ерөнхий мэс заслын тасагт 5-6 энэтхэг эмч ажиллаж байна. Ингэхдээ дурангийн чиглэлээр хоёр эмч, мэдээгүйжүүлэлтийн эмчээр нэг эмч, урологийн эмчээр хоёр эмч, мэдрэлийн мэс заслын эмчээр нэг эмч ирсэн байна. Эдгээр эмч нар 9 сарын 8-ны өдөр явна. Манай эмнэлгийн ерөнхий мэс заслын тасагт дурангийн эвэрхийн мэс заслаар ажиллаж байна. Эмч нарт сургалт явуулж, практикт тулгуурлан нарийн мэс засалд сургаж байгаа юм. Мөн хэт их таргалалтын эсрэг хагалгаа хийж байна. Мөн эдгээр эмч нар урологийн буюу бөөр болон шээсний замын дурангийн хагалгаа хийж байна. Ингэснээр бөөрний чулуу, түрүү булчирхайн томрол, бөөрний шээс дамжуулах сувгийн чөлөөлөх хагалгаа хийгдэж эхэлж байна. Өмнө нь манай эмнэлэгт урологийн эмч бэлтгэгдээд байсан. Гэхдээ тодорхой хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан боловч багаж тоног төхөөрөмж байхгүй байсан. Харин энэ төслийн хүрээнд урологийн багаж тоног төхөөрөмжийг бүрэн авчирсан. Тэр тоног төхөөрөмжөө манай эмнэлэгт бүрэн суурилуулаад, эмч нарт сургалт явуулсан байгаа. Эдгээр эмч нар явахдаа энэхүү урологийн тоног төхөөрөмжөө бэлэг болгоод явах юм. Хамгийн дээд тал нь гэхэд 5-6 хагалгаа ч хийгдэх үе байна. Эдгээр эмч нар яг бүрэн тоног төхөөрөмжтэйгээр манай залуу эмч нарт хагалгаанд хамт орж бүх шатлалыг зааж байгаагаар их онцлог. Ингэснээр манай эмч нар өөрийн улсдаа нарийн мэргэжлийн хоёр шинэ хагалгаа хийдэг болж байна гэсэн үг. Энэтхэг эмч нар төслийн хүрээнд манай улсад дурангийн тоног төхөөрөмж өгсөн юм. Одоогоор бид бүхэн долоо дахь хүндээ урологийн хагалгаа хийж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Таргалалт гэдэг бол хүний биеийн жингийн индекс хэт их байвал тухайн хүний биед өвчин үүсэж эхэлдэг. Жингийн индексийг харж байгаад тухайн хүн 40-өөс дээш хувь болсон байвал хагалгаанд ордог. Таргалалт буюу хөдөлгөөний хомсдолоос үүдэн маш олон төрлийн зүрх судас, үе мөч, сахарын өвчин тусдаг. Энэ байдал манай улсын хувьд бас томоохон асуудал болж байгаа. Их тарган хүн бол даралт ихсэх өвчин хамгийн түрүүнд илэрдэг. Энэ олон өвчнийг хагалгаа хийж зогсоохгүй бол болохгүй гэсэн асуудал гарч ирдэг. Таргалалтын эсрэг маш олон эмчээс бүрдсэн маш том баг ажилладаг. Хоол боловсруулах замын эмч, сэтгэл судлаач гэх мэтчилэн олон эмч гар нийлж олон хүнд таргалалтын эсрэг хагалгаа амжилттай хийгээд байна. Таргалалтын эсрэг мэс засал хийх хагалгааны дүрэм гэж байдаг. Тухайн хүний биеийн онцлогоос их хамаардаг. Хэт их тарган байсан ч өвчингүй бол ямар хагалгаа хийх вэ, биеийн жингийн индекс бага хэрнээ таргалалтаас үүссэн өвчинтэй бол нэг өөр хагалгаа хийгдэх жишээтэй. Үүнийг шийдэхдээ тухайн мэс заслын баг хуралдаж шийддэг. Манай эмнэлэгт өмнө нь урологийн болон таргалалтын эсрэг хагалгаа яригдах шатандаа явж байсан. Харин одоо эмч боловсон хүчнээ бүрэн бэлдсэн. Тоног төхөөрөмж хагалгааны явцыг судалсан учраас манай эмч нар цаашид өөрсдөө хийх бүрэн боломжтой болсон. Таргалалтын эсрэг бүрэн цогц хагалгаа хийгддэг. Яагаад гэхээр хэт их тарган хүн хагалгааны ор даахгүй, дуран хүрэхгүй байдаг. Ийм учраас энэ асуудлыг шийдсэн учраас энэ төслийн эмч нар ирсэнээр манай улсад анх удаа хийгдсэн. Мөн давсагны сүвээр нь дурандаад түрүү булчирхайг авах, давсаган доторх чулууг авах, бөөр шээсний замын чулууг авах зэрэг хагалгаа дандаа шинээр хийгдэж эхэлж байна. Энэтхэг улсын их эмч Kuldeep Dhawan: -Монголд ирсэндээ маш их баяртай байна. Монголд өмнө нь хийгдэж байгаагүй хагалгаа бол жин хасах болон хэт их таргалалтын эсрэг хагалгаа юм. Энэ хагалгааг хийж байна. Монголын эмч нар бас өөрсдөө сурч, маш амжилттай хийж байна. Бид Монголд ирээд мөн эвэрхийний хагалгааг дурангийн аргаар хийж байна. Монгол эмч нар их чадалтай, их хурдан сурдаг, хамтарч ажиллахад сайхан байна. Түүнчлэн Монгол улсад дурангийн аргаар бөөр шээсний замын хагалгаа хийгддэггүй байсан. Энэхүү хагалгааг мөн шинээр нэвтрүүлэн хийж байна. Тэр хагалгаанууд маш сайн амжилттай болсон. Монгол эмч нартай хамтарч ажиллаад шинэ хагалгааны шинэ аргуудыг зааж өгч байгаа юм. Хамтарч ажиллаж байгаа эмч нар маань маш өндөр чадвартай эмч нар учраас их сайхан байна.
Энэтхэг улсын их эмч Pamposh Raina: -Ярилцаж байгаадаа баяртай байна. Би Энэтхэгийн Шинлай гэх анагаахын коллежийн багш, эмч юм. Энэхүү гуравдугаар төв эмнэлэгт төслийн хүрээнд арван хоног хамтран ажиллаж байна. Бид урологийн буюу шээс бөөрний замын хагалгааг дурангийн аргаар хийх мэс заслыг амжилттай хийж байна. Шээс бөөрний замын урологийн хагалгааг нэвтрүүлээд, хамгийн гол нь бид гуравдугаар эмнэлэгт байгаагүй дуранг авчирсан байгаа. Энэ дуранг ашиглаад түрүү булчирхай болон шээсний замын хагалгаануудыг дурангийн аргаар хийх аргыг монгол эмч нарт зааж өгсөн. Монгол эмч нарт ажлын байрны сургалт явуулаад, хамтдаа нийтдээ арав гаруй хагалгааг ямар ч эрсдэлгүй, өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэлээ.