Томуу, томуу төст өвчний тохиолдол буурсан байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар, амбулаторийн 69.323 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2635 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар бага байна.
Нийт өвчлөгсдийн 38.5 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 838 дуудлага ирснээс 30.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 6-ны байдлаар, 2084 орон дээр 1753 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн байна.
Шинээр хэвтсэн өвчтөний 143 буюу 36.4 хувийг томуу, томуу төст өвчтэй хүн эзэлж байгаа юм.