Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг .Он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний 946 сэжигтэй тохиолдол бүтгэгдэж мөн хэд хэдэн нас барталт бүртгэгджээ. Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгийн эзэн амьтдад нохой, хулгана, зарим мэрэгчид, үхэр, хонь, ямаа, тэмээ, нохой зэрэг орно.
Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз өвчнүүдийг 2005 оноос албан ёсоор бүртгэж эхэлсэн. 2015 оны байдлаар хачгаар дамжих халдварын 74 хувийг хачигт риккетсиоз, 18 хувийг хачигт энцефалит, 8 хувийг хачигт боррелиозын өвчлөл тус тус эзэлж байжээ.
Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ойт хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг.Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж унадаг. Хачигт боррелио нь бэлчээрийн хачгаар дамждаг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хачигт рикетсиоз өвчин нь хазуулсан хэсэгт тав үүсэх, бүх биеэр цэгчилсэн тууралт үүсэх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүндрэл нь мартамхай болох, саа саажилт, тэнэгрэл үүсэх аюултай. Мөн амь насанд ч аюултай. 2005 оноос хойш нийт бүртгэгдсэн тохиолдлын ес нь нас барсан байна.