Нүүр хуудас Эрүүл мэнд Хүн амын тоо,төрөлтийн түвшин нэмэгдэх, жирэмслэлтийн тоо өсөх зэрэгт хосуудыг гэр бүл...

Хүн амын тоо,төрөлтийн түвшин нэмэгдэх, жирэмслэлтийн тоо өсөх зэрэгт хосуудыг гэр бүл төлөвлөлтийн мэдээллээр хангах нь чухал ач холбогдолтой.

430
0

Жил бүрийн  7  сарын 11-нд Дэлхийн хүн амын өдөр тохиодог. Тус өдөр манай улсын Үндэсний их баяр наадамтай давхцсан тул 7 сарын 18-нд тэмдэглэж байна. Энэ жил Дэлхийн хүн амын өдрийг “Гэр бүл төлөвлөлт: Иргэдээ чадавхжуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” сэдвийн дор тэмдэглэж байгаа. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо, УИХ, Эрүүл мэндийн яам хамтран Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан Монголын хүн ам, гэр бүлийн төлөвлөлтөөр дамжуулан үндэсний хөгжлийн төлөө хэрхэн хамтарч ажиллахаа танилцууллаа. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Улс, орон бүрийн оршин тогтнох эх үндэс нь хүн байдаг. Харин хүний нийгмийн аз жаргалтай, эрүүл энх, урт удаан оршин тогтнож, хөгжин дэвшихийн суурь нь гэр бүл. Манай улсын хүн амын тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, төрөлт нэмэгдсэн нь цөөхөн монголчууд бидний хувьд баяртай мэдээ. Монгол Улсын хүн ам 1962 онд нэг сая, 1988 онд хоёр сая болсон бол 2015 онд гурван саяын босгыг өнгөрч, өнөөдөр 3,120,000 хүрээд байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үр дүнд суурилан тооцсон хүн амын хэтийн шинэчилсэн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2020 онд 3,360,000 болох бол 2031 онд дөрвөн сая хүрэхээр байна. Хүн амын төрөлт, өсөлтийн ерөнхий чиг хандлага нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал, ялангуяа эрүүлийг хамгаалах салбарын хөгжил, ард түмний эрүүл мэндийн түвшин сайжрах үйл явцтай нягт уялддаг. Мөн хүн амын боловсрол, ажил эрхлэлтийн түвшин ихээхэн хамаатай. Хүн амын тоо, төрөлтийн түвшин нэмэгдэх, жирэмслэлтийн тоо өсөх зэрэг нь гэр бүл төлөвлөлттэй салшгүй  холбоотой. Тиймээс албан байгууллага, яамд агентлаг хамтарч ажиллах нь чухал” гэв. Монгол Улс эх хүүхдийн эндэгдэл бууруулахад ахиц гаргасан ч гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангах явдал 2003-2013 оны хооронд 94 хувиас 77 болж буурчээ. Иймээс эмэгтэйчүүд, хосуудыг гэр бүл төлөвлөлтийн мэдээллээр хангах нь чухал ач холбогдолтойг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов. Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 35312 эх амаржиж, 35536 хүүхэд төржээ. Харин нас баралт 7745 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3377 буюу 8.7 хувиар, төрсөн хүүхэд 3331 буюу 8.6 хувиар, нас баралт 550 буюу 6.6 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос  мэдээлэл хийлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here