Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2021.03.30/-нд МҮЭ-ийн холбооны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ үеэр МЭМАҮЭ-ийн холбооны дарга Х.Ариунаа хэлэхдээ “Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эмч нарын баярын өдрөөр Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа эмч нарынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Ковид-19 цар тахлын улмаас 1.3 жил амралтгүй ар гэрээ орхиж ажилласан боловч ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгохгүй байгаа явдлыг эсэргүүцэж байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 хувь нь цалингийн зээлтэй, авч байгаа цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Эмч эмнэлгийн ажилтнууд маш их ачаалалтай ажиллаж байгаа боловч их эмч нар 750-850, сувилагч 670-700, үйлчилгээний ажилтнууд 450-500 мянган төгрөгийн цалинг тус тус авч байгаа нь амьдралын наад захын хэрэглээг хангаж чадахгүй байна. Цалин хөлс нэмэгдээгүй, илүү цагийн хөлсийг олгоогүйн улмаас эмч эмнэлгийн ажилтнууд ядарч, сульдаж, маш олноороо өвчилж эхэлж байна. Энэ бол зөвхөн эмч нарын эрх ашгийг тухай асуудал биш Монгол Улсын бүх иргэдтэй холбоотой асуудал шүү дээ.
Цар тахлын хүндхэн цаг үед эмнэлгүүдэд 2021.01.01”-ний өдрөөс эхлэн ЭМД-ын сангаас дүүргийн эрүүл мэндийн төвүүд санхүүжих болсон нь эмнэлгүүд санхүүжилтээ гүйцэд авах боломжгүй байгаагаас ажилчдын цалин хөлс, урамшуулал хүрсэн түвшингээс буурч байна. Эмнэлгүүдэд Ковид-19 цар тахлын улмаас ердийн өвчлөлтэй иргэдээ хэвтүүлэн эмчлүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан орны эргэлт буурсан нь санхүүжилтэд шууд нөлөөлж цаашид илүү цагийн хөлсийг авах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.
Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд Ковид-19 цар тахалтай тэмцээд жил гаруй хугацаа өнгөрсөн боловч хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг эмч, сувилагч, ажилтнууд тахлын битүү хувцастай, олон цагаар шинжилгээ авч вакцин хийж, хөдөлмөрийн онцгой нөхцөлд 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Гэсэн хэдий ч цалин хөлсийг энгийн үеийнхтэй адил өгч байгааг хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж МЭМАҮЭ-ийн холбооноос үзэхийн зэрэгцээ зарим тохиолдолд илүү цагийн хөлсийг ялгавартай олгож байгааг эсэргүүцэж байна. Иймд МЭМА-ны ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газарт “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, Зарим эмч ажилтнуудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсч Мэдэгдэл хүргүүлж байна” хэмээн хэллээ.