Нүүр хуудас Нийгэм Аймшгийн баяр, өдөр бүр “Тэдний” өдөр!

Аймшгийн баяр, өдөр бүр “Тэдний” өдөр!

227
0

Энэ баярыг би мэдэхгүй, мэдэхгүй зүйлээ яримаар ч үгүй байна. Харин өдөр бүрийн “Аймшигт” амьдралыг туулж байгаа бүсгүйчүүд, хэрвээ тийм баяр нь байдаг юм бол, тэр нь тэгээд БАЯР юм бол, өдөр бүр л тэдний өдөр шүү гэдгийг сануулмаар санагдана.

Хүчирхийлэл гэдгийг бид цус нөж, заазуур, хүчингээр хардаг боллоо. Заавал нэг аймшигтай хэрэг гарж байж хүчирхийлэлд тооцох шинжтэй. 3 настай охин биш 30 настай бүсгүй хүчиндүүлэх юм бол ХОХЬ ЧИНЬ ! гэх нь холгүй сэтгэлгээ үүслээ. Гудамж, олон нийтийн газар эхнэр луугаа харцаараа нэг ширвэхэд л дальдчуулан “Очоод ална даа” гэсэн заналхийлэл “Хөгийн инээмсэглэлтэй” харц нуугдаж үл чадна. Хөөрхий бүсгүй сэтгэл нь түгшин өнөөдөр бас л гарын шүүс болох нь дээ гэртээ харихгүй аль болох удаан очихсон гэсэн хүсэл тээнэ. ХААЛГА энэ зүйл зарим хүмүүст аавыгаа хүлээх, хань минь ирж байгаа даа гэсэн хүлээлтийн үүд байдаг бол маш олон айлын хувьд ХААЛГА хаагдсаны дараа аймшигт амьдрал эхлэх нь олон. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол тэр хаалганы цаана илрэхгүй нуугдаж байдаг ЯРГАЛАЛ юм. Гудамжинд нэг хүнд дээрэмдүүлээд нэг удаа зодуулсан бол нэг удаагийн хүчирхийлэл. Гэтэл тэр хаалга хаагдах бүрт өдөр бүр аймшигтай амьдрал эхэлж байна гээд төсөөл дөө ! Тийм хүнтэй өдөр бүр хамт амьдарч, үр хүүхдийг нь тээж, залуу нас хайр сэтгэл бүх зүйлээ зориулж байна.

Хэдэн жилийн өмнө багшийн дээдийн автобусны буудлын хажуугийн сааданд нэг залуу эхнэрийгээ цус нөжөнд хутгалдтал нь дэвсэлж, элдвийн муу үгээр харааж зодож байхад олон хүмүүс тойроод гарч байхыг, хараад зогсож байхыг үзээд СОХОР энэ нийгэмдээ гутарч билээ. Тэсч чадалгүй хүчирхийллийн эсрэг хүч хэрэглэн нөгөө залууг барьж аван газар унагаагаад байдаг чадлаараа цохиж байтал надад мартагдашгүй нэг үг хэлсэн юм “Чи яасан мундаг хамгаалагч вэ, чи намайг яаж зодно би тэрнээс чинь хэд дахин хэрцгийгээр гэртээ хариад энэ гичийг ална мэдэв үү” … Тэр энэ үгийг инээмсэглэлтэй хэлж байсан юм … Ийм амьдралыг хэдэн зуун бүсгүйчүүд, ээжүүд туулж хэдэн мянган охид хөвгүүд өртөж хохирч байгаа. Та цагдаагаас, ТББ-с хүчирхийллийн талаар ямар ч мэдээлэл статистик авч болно. Харин би хэзээ ч тэр ТООНД итгэж байгаагүй. Чимээгүй яргалалд цаг минут бүрт тарчилж байгаа энэ олон ээжүүд, хүүхдүүд аль нь ч тэр бүртгэлд байхгүй, тийм боломж ч байхгүй. Тэр тооноос хэдэн арав дахин аймшигт бодит нөхцөл байдал үүссэн байгаа. Эцсийн эцэст хүчирхийлэлд ТА ӨӨРӨӨ Л цэг тавьж чадна ! НҮДЭЭНЭЭСЭН хүмүүс танд туслахад бэлэн байна, туслах ч болно гэхдээ эцсийн эцэст ГЭР БҮЛИЙН хүчирхийлэлд ТА ӨӨРӨӨ Л цэг тавьж чадна. Энэ амаргүй золиосыг зориг гарган хийж өдөр бүрийн аймшигт амьдралаас салахаар зүтгэ ! Би энэ хорвоо дээр амьдрах гэж, жаргалд тэмүүлэх гэж, сайхан амьдрах гэж ирсэн.

Ч.Ганжавхлан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here