Нүүр хуудас Нийгэм Боловсрол АШУҮИС-д шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа

АШУҮИС-д шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа

260
0

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өчигдөр  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажиллав. Байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар багтлаа. Мөн Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар байлцав.

Эхлээд сургуулийн захирал Г.Батбаатар сургуулийнхаа өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийсэн.

Мэдээлэлдээ, “Манай хамт олон Монгол Улсад анх удаа Их сургуулийн Эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулах төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус цогцолборт Сургалтын эмнэлэг, Анагаах ухааны сургууль, Монгол Анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Уламжлалтын эмнэлэг, Хичээлийн 4 байр, Оюутны соёлын төв, спорт цогцолбор, 1200 оюутны байр, Багш, ажилчдын орон сууц багтаж байна. Сургалтын эмнэлэг 2018 оны долдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Цогцолбороор нь 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах юм. Энэ төсөлд нийт 234.8 тэрбум төгрөг шаардлагатайгаас 176.7 тэрбум нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдэгдсэн. Тодорхой хувийг эмнэлэг өөрийн төсвөөс бүрдүүлж байгаа бол улсын төсвөөс Сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх гарааны хөрөнгө оруулалт болох 16.9 тэрбум, Сургалтын эмнэлгийн барилгад шаардагдах 14.3 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Япон Улсын Засгийн газартай байгуулсан Цогцолборыг хүлээн авч байгаа орны Засгийн газар 10 хувийн санхүүжилтыг гаргах гэрээний заалтын дагуу улсын төсвөөс шаардлагатай санхүүжилт гарах юм” гэв.

Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд Улсын төсвөөс гаргах санхүүжилтыг 2018 оны төсөвт тусган шийдвэрлэх, Оюутны дотуур байр барих газрын зөвшөөрлийг олгохоос татгалзсан Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулгын гарын үсэгтэй шийдвэр гарсан учир газрын зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлэх гэсэн хүсэлтийг Байнгын хорооны гишүүдэд тавилаа.

Дараа нь Ардын багш, Хүний гавъяат эмч Д.Малчинхүү, Х.Гэлэгжамц, Ж.Баасанхүү тэргүүтэй эрүүл мэндийн салбараас төрсөн үе үеийн эрдэмтэн багш нар санал сэтгэгдлээ хэлэв. Тэд 75 жилийн түүхтэй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Сургалтын эмнэлэгтэй байх нь нэн чухал. Япон Улсын Засгийн газар 90 шахам хувийн хөрөнгө оруулалтыг шийдчихсэн учир манай улс 10 хувийн хөрөнгө оруулалтыг хойш нь тавилгүй шийдэх шаардлагатай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд олон орны Их сургуулийн эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг чадварлаг, мэргэшсэн багш нар олон бий. Тэднийхээ чадлыг эх орондоо ашиглаж, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад энэ Эмнэлэг, сургалтын цогцолборыг ашиглалтад оруулах асуудал маш чухал юм. Дэлхийн олон оронд Анагаахын том сургууль нь дэргэдээ эмнэлэгтэй байдаг жишиг манайд ч нэвтрэх ёстой. Энэ жишгийн дагуу Их сургуулийн эмнэлгийн суурь загварчлалыг бий болгохын төлөө хичээн ажиллаж байгаа хамт олныг дэмжиж байна хэмээн сэтгэгдлээ хэлэв. Мөн Эрдмийн зэрэг хамгаалах зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу ахмад настнуудад хөнгөлттэй үнээр эм олгодог үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, засч залруулах шаардлага байгаа талаар саналаа хэллээ.

Үүний дараа Байнгын хорооны гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд эмч нартай санал нэг байгаагаа илэрхийлж, Эмнэлэг, сургалтын цогцолборыг ашиглалтад оруулахад улсын төсвөөс гаргах санхүүжилт болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллахаа мэдэгдэв.

Төгсгөлд нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Төсөл амжилттай хэрэгжсэнээр олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх боломжтой болох учир бүх талаар дэмжин, хамтран ажиллана. УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бололцоо нэмэгдэнэ. Мөн Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гарсантай уялдуулж та бүхний танилцуулсан шинэчлэлийн асуудлыг шийдээд явах боломжтой.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах түүхэн шийдвэр гаргасан. Энэ нь эрүүл мэндийн салбарыг төрөөс дэмжиж байгаа маш том хөшүүрэг юм. Ардын багш, гавъяат эмч та бүхний үгийг сонсоход маш таатай байлаа. Эмнэлгийн хамт олон, эмч, багш, та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here