Нүүр хуудас Нийгэм Малчдынхаа залгамж халааг бэлдэх шаардлагатай байна

Малчдынхаа залгамж халааг бэлдэх шаардлагатай байна

178
0

“Монголын Малчдын Хамтын Хариуцлагын Холбоо” байгуулагдсан талаар тус холбооны удирдлага болон гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Холбооныхоны зүгээс Монголын малчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж ажиллах юм байна.

ММХХХолбооны тэргүүн Э.Ганбаатар “Монгол үндэстний оршин тогтнохын ул үндэс болсон нүүдлийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх, энэ цаг үед тохиож буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж, Монгол түмнээрээ төвшин сайханд хүрэхийн төлөө малчид эвлэлдэн нэгдэж, “Монголын Малчдын Хамтын Хариуцлагын Холбоо”-г байгуулсан.

Бид эхний ээлжинд гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Үүнд,

  1. Газар нутаг, бэлчээр усаа хамтаар хариуцан хамгаалах
    Нүүдэлчин ахуй амьдрал нь байгалын тэнцвэрт байдлыг хадгалах хамгийн зохист арга хэлбэр мөн бөгөөд байгалаа дээдлэн, байгалдаа хамгийн ээлтэй амьдардаг хүмүүс бол малчид юм. Иймээс малчид болон мал бүхий иргэд нэгдэж, бэлчээр, газар нутаг, байгалийг хэдэн зуунаар нөхөгдөшгүй сүйрэлд хүргэж буй уулыг нурааж, усыг бохирдуулагч үйл ажиллагааг хориглон зогсоох, орон нутгаа хамгаалах чиглэлээр ажиллана.
  2. Мал сүргээ хамтаар хариуцан ахуй амьдралаа чадавхжуулах
    Малын үүлдэр, түүхий эдийн чанарыг сайжруулах, бэлчээрийн мал аж ахуйгаас гарах байгалын цэвэр бүтээгдэхүүний дотоодын болон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулж, өрх бүлээс өртөг шингэсэн, чанартай бүтээгдэхүүн гаргах замаар өрхийн болон улсын ахуйг тэтгэж ажиллана.
  3. Өв уламжлал, соёлоо хамтаар хариуцан өвлүүлэн дамнуулах
    Нүүдэлчдийн соёлын биет ба биет бус хэлбэрийн өвийг тээгчийн хувьд мал маллагааны уламжлалт өв ухааныг сэргээн, хүүхэд залуусыг Монгол ухаанд сурган төлөвшүүлэх, залуу малчдыг заавар, мэдээллээр хангах, туршлагажуулах ажлыг хийнэ” гэлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр ахмад малчид нүүдлийн соёл иргэншил алдагдаж байна. Энэ нь залуу малчид цөөрч байгаатай холбоотой. Эртний сайхан өв уламжлалыг өвлүүлэх залуучууд цөөрсөөр байгаа учраас бодлогоор залуу малчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг хэлж байлаа.

“Улаанбаатар хот манай улсын нийт нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Энд үндэстний тал нь буюу сор болсон залуучууд маань аж төрж байна. Үлдсэн 99.7 хувьд настан, малчид маань голомтоо сахиад байж байгаа. Хүссэн хүсээгүй газар нутгаа хамгаалж байгаа хүмүүс бол малчид. ТиймээсМонголыг Монголоор нь харагдуулдаг, нүүдэлчин соёлыг авч явдаг малчдынхаа залгамж халааг бэлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээн ММХХХолбооны гүйцэтгэх захирал Б.Батсайхан хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here