Нүүр хуудас Нийгэм Манай улсын “Уул овоо тахих Монгол зан үйл”-ээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Манай улсын “Уул овоо тахих Монгол зан үйл”-ээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

220
0

Монгол Улс дэлхийн уураг тархи болох оюуны байгууллага ЮНЕСКО-д нэгдсэнээс хойш 55 жилийг үджээ.

Дэлхийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын царааг тодорхойлдог ЮНЕСКО Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсныг “ЮНЕСКО ба Монгол Улс” номын нээлтийн үеэр эрдэмтэн судлаачид онцолж байна.

Энх тайван, аюулгүй байдлыг тогтооход хувь нэмрээ оруулж буй тус байгууллагатай Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр -ийн дүрэмд гарын үсэг зурснаар 108 дахь гишүүн нь болсон түүхтэй. Ийнхүү 55 жилийн түүхийг бичилцэхдээ мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоохын төлөө ажиллаж ирсэн түүхийг гэрчлэх дуртатгал, тэмдэглэлийг “ЮНЕСКО ба Монгол Улс” номонд нэгтгэжээ. Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болсон дээрх номын нээлтийн үеэр “Дэлхийд данслагдсан Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан байв.

Эл үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгалийн болон соёлын өвүүдийн гэрэл зургуудыг тайлбартай тавьжээ.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга ярихдаа, “Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн гишүүнээр 195 улс элсээд байна. Монгол Улс 108 дахь гишүүн нь бөгөөд тус байгууллагатай хамтран ажиллаад хагас зууныг үдлээ. Монгол Улс ЮНЕСКО-гийн төсөл хөтөлбөрт хамрагдан мэдлэгээ тэлж, хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, туршлага солилцох боломж улам нэмэгдсээр байна. ЮНЕСКО-гийн 30 конвенц байдгаас 10 конвенцид Монгол Улс нэгдээд байна. Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн 30 орчим өв байдаг. Тухайлбал Соёлын биет бус өвийн конвенцийн хүрээнд 13 өвийг соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн. Эдгээрийн зургаан өвийг яаралтай хамгаалах шаардлагатай өвд бүртгүүлсэн. Бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, уран бичлэг, тууль, цуур, ботго авахуулах зан үйл юм. Үүнээс гадна Монгол Улс тайван орон гээд зүгээр суусангүй. Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын өвийг хамгаалах тухай Гаагийн конвенцийн хугацаат тайланг зохих ёсоор дөрвөн жилд нэг удаа явуулж байна. Мөн усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцид нэгдэн орох шаардлага байгаа эсэхийг судалж байгаа. Далайд гарцгүй , бидэнд хамаагүй хэмээн сууж боломгүй. Түүнчлэн өв бүртгүүлнэ гэдэг бол нүсэр ажил шаарддаг. Нэг улсаас хоёр жилд нэг өв бүртгүүлэхээр нэр дэвшүүлдэг. Улмаар өв бүртгүүлснээр ажил дуусахгүй. Бүртгүүлсэн өвөө хадгалж хамгаалах, сурталчлах, олон нийтийн мэдлэгийг тэлэх, менежментийн төлөвлөгөө боловсруулах, өв тээгчдийг бэлтгэх гээд их ажил ундардаг” гэлээ.

Энэ онд манай улс Дагуурын ландшафтыг Дэлхийн өвийн жагсаалтад ОХУ -тай хамтран байгалийн өвөөр бүртгүүлж нийт таван өвийг дэлхийд таниулжээ. Мөн 2017 онд Уул овоо тахих Монгол зан үйлээ ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн бөгөөд ирэх 12 дугаар сард Солонгосын Чежү хотод болох конвенцийн соёлын биет бус өвийн засгийн газар хоорондын хорооны 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх аж. Харин 2019 онд Хөхүүрийн айраг эсгэх уламжлалт арга өвийг бүртгүүлэхээр нэр дэвшүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here