Монголын яруу найргийн хан тэнгэр, цэцэн билгийн далай, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав 2018 оны 12 дугаар сарын 18-нд бурханы орноо одож, ХХI зууны яруу найргийн том орон зайг орхисонд үзэгт нэгт зохиолч, яруу найрагчид, уран зохиолын ертөнцийнхөн гүнээ эмгэнэн гашуудаж буйгаа гэр бүл, үр ач, ахан дүүст нь илэрхийлж байна.
~Монголын яруу найргийн нэгэн сайхан ОД тэнгэртээ халилаа~
Хоёр зуун дамнасан сод яруу найрагч Монголын яруу найргийн гарамгай төлөөлөгч Ш.Сүрэнжав 1938 оны гуравдугаар сарын 15-нд Төв аймгийн Авдархангай суманд төржээ. 1963 онд МУИС-ийн монгол хэл уран зохиолын анги, 1981 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит дээд сургуулийн Утга зохиолын дээд курсийг тус тус төгсжээ.
1960 оноос уран бүтээлээ эхэлж, 1963 онд анхны номын уралдаанд “Шөнө ургасан цэцэг” шүлгийн номоороо шалгарч, улмаар 1966 онд Монголын Зохиолчдын эвлэлд гишүүнээр элссэн байна.
Ш.Сүрэнжав “Ерэн баатрын дууль”, “Багш” “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол” “Ерэн баатрын дууль” “Гар” зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглалаараа алдаршснаас гадна “Хэрлэнгийн барьяа” роман, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамж, эрийн гурван наадмын тухай бичсэн урансайхны киноны зохиолоор нь “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино бүтээжээ.
Ш.Сүрэнжавын олон шүлэг найраглал, орос болон бусад олон орны хэлээр орчуулагдсан байна. Ш.Сүрэнжав 1972 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1979 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.
Ш.Сүрэнжав оюун билэг, онгод хийморь, гал дөлтэй бадрангуй, омог төгөлдөр бүхий домог мэт амьдралыг туулж, хурц дайчин, чин шударгуу, өгөөмөр нинжин сайхан сэтгэлтэй, ерөөл мэт урам зоригийг хүмүүст түгээж чаддаг, жинхэнэ найрагч хүний уян эерүү, дүр төрхтэй, ёстой “Тэнгэрийн хөвгүүн” мэт олон түмэнд хүндлэгдэн хайрлагдсан яруу үгсийн онцгой шидтэн байлаа.
Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжавын гэгээн дүр төрх, нөхөрсөг халуун сэтгэл, найрагчийн онцгой содон зан чанар, залуусыг хайрлан дэмждэг сэтгэл, сүрлэг яруу уран бүтээл нь Монголын ард түмний сэтгэлд үүрд мөнхжин үлдэх болно. Тэнгэрийн хөвгүүн минь хан тэнгэрийн орондоо амар амгалан энхжин амаржих болтугай.
Ш.Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Соёлын төв өргөөнд болж байна.
Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.