Нүүр хуудас Нийгэм Налайхчууд ажлаасаа хоцорч, автобусандаа чихэлдсэн ч БАЯРТАЙ байна

Налайхчууд ажлаасаа хоцорч, автобусандаа чихэлдсэн ч БАЯРТАЙ байна

157
0
nalaih_duurgiin-irged
Налайхчууд ажлаасаа хоцорч, автобусандаа чихэлдсэн ч БАЯРТАЙ байна

Өдөрт хэд хэдэн авто машин мөргөлдөж, долоо хоногт долоон хүн амь эрсэддэг хамгийн аюултай зам бол Налайх чиглэлийн 20,9 километр авто зам юм.

Асфальтны доорх чулуу хайрга нь ил гарчихсан, цуурч, цоорсон, онхол догол үүссэн энэ замаар машины цуваа оршуулгын цуваа шиг л хөвөрнө.

Ялангуяа найр найдам, баяр ёслол болон амралтын өдрүүдэд ирж, буцах хоёр урсгалтай нарийхан зам явган хүн багтах зайгүй шахам түгжирнэ. Налайх Чойрын уулзвараас нэг айлын хоёр машин нэг нь энэ замаар нөгөө нь Төв аймгийн замаар явахад хаа хол, Төв аймгийн замаар тойрч явсан машин нь гэртээ түрүүлж ирээд, бууз жигнэж идчихээд унтаж байсан гэдэг шог яриа бий.

Ингэж удаан түгжирдэг нь зун, намрын аялал зугаалгын улиралд хотын иргэд Горхи-Тэрэлжид очиж амардагтай холбоотой юм. Олон жил яригдсан энэ замыг шинэчлэх тухай үлгэр үе үеийн хотын дарга, Засгийн газарт хүрдэг ч төдийлөн биелдэггүй байв.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед, С.Батболдыг хотын даргаар ажиллаж байх энэ үед хэсэгчилсэн шинэчлэлт хийгдэж байгаа нь баяртай үйл явдал юм.

Уг нь энэ замыг БНХАУ-ын Засгийн газраас олгох хөнгөлөлттэй зээлээс санхүүжүүлэхээр болсон авч тус улсын ерөнхий санхүүжүүлэгч болох Экспорт, Импортын банкны нэг даргын гарын үсгээс шалтгаалан нам гацаад байгаа тухай Зам тээврийн яамны удирдлагууд,

НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн авто замын газрын дэд дарга Б.Индра нарын хүмүүс тайлбарлаад байгаа. Энэ замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэхийн тулд ойр орчмын айлуудыг нүүлгэж, газрыг нь чөлөөлж нэг их наяд төгрөгийн нөхөн олговор олгох ажлыг 2017 оны хавар хийсэн юм.

~Налайхчууд ажлаасаа хоцорч, автобусандаа чихэлдсэн ч БАЯРТАЙ байна~

Газар чөлөөлөлт явагдсанаас хойш бүтэн жил зам тавигдсангүйд Налайх дүүргийн иргэд, энэ чиглэлийн автобусны жолооч нар, хувь жижиг тэрэгтэй хүмүүс бүгд “Энэ замыг засна гэдэг худлаа юм байна.

Сонгуулиар амласан амлалтаа биелүүлэхэд яадаг байна” гэсэн үгсийг тарни, маани мэгзэм мэт хэлнэ, улс төрчдийг харааж зүхнэ. Ийм байдлаар өнөөдрийг хүрсэн иргэд сүүлийн хоёр хоногт ам сайтай байна.

Учир нь Улиастай-Гачууртын уулзвараас саяхан буулгасан Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх замыг өргөтгөх, шинэчлэх ажил ид өрнөж байна. Замын барилгын ажил өрнөж байгаа учраас энэ чиглэлийн багахан зайд түр хязгаарлалт хийж,

Налайхаас хотын төв рүү шууд явдаг чиглэлд өөрчлөлт оруулж, хуучин товчоо-Налайх, Товчоо- МУБИС гэсэн чиглэлд нэг талд нь 14, нөгөө талд нь нийтийн тээврийн 10 автобус үйлчилгээнд явуулж, зорчигчийг зөөж байгаа юм.

Ажил, албандаа, хичээл сургууль, эмнэлэгт үзүүлэх, лам, бөөд харуулах, орон нутаг руу унаанд суух гээд янз бүрийн чухал ажилтай Налайхын иргэд өглөөний 06:00-08:00 цагийн хооронд хотын төв рүү ордог.

Ингэхдээ цаанаасаа ирэхдээ 60 орчим минут удаж ирдэг бол, хот руу дамжин суух автобусаа хүлээгээд 40 орчим минут болж байна. Энэ бол замын шинэчлэлийн ажил хийгдэж буй эхний хоёр хоногт ажиглагдсан дүр зураг.

эх сурвалж: ulsturch.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here