Нүүр хуудас Нийгэм Саун, бассейн, фитнес, амралтын газрууд нээгдэнэ

Саун, бассейн, фитнес, амралтын газрууд нээгдэнэ

31
0

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагын 400 орчим төлөөлөлтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар өнөөдөр уулзлаа. Мөн дээрх аж ахуйн нэгжүүдтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулах Хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээхээр болов. Түүнчлэн зарим шаардлагатай өөрчлөлтийг гэрээний хавсралтаар тусгасан юм.

Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгамдаж байгаа асуудлынхаа талаар Хотын даргад хэлсэн. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар үйл ажиллаа явуулдаг амралт, жуулчны газрууд үйл ажиллагаа явуулаагүй байсан ч газрын төлбөр төлдөг. Үйл ажиллагаа явуулахгүй хугацаанд энэ төлбөрөөс чөлөөлөх, эсвэл бууруулах боломжтой эсэхийг асуусан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Коронавирусийн халдвар маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Хотын удирдлагын зүгээс аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарч, хичээж ажиллаж байгаа. Энэ ч хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж байна. Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ” хэмээн ярилаа. Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүссэн. Мөн гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг холбогдох албаныханд даалгасан юм. Газрын төлбөрийн тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзаж, үүнийг шуурхай шийдвэрлэх ямар боломж, бололцоо байгааг эрэлхийлж, нааштай байдлаар шийдэхэд анхаарч, шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Хотын даргын хувьд аж ахуйн нэгжүүдээ бүх зүйл дээр дэмжин ажиллахаа илэрхийлж, хариуцлагын гэрээ зөвхөн хариуцлагын тухай ойлголт биш, ойлголцол, итгэлцэл юм гэдгийг дахин онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here