Нүүр хуудас Нийгэм ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН 98 ХУВЬ НЬ ЖОЛООЧ НАРЫН...

ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ ДЭЭР ГАРСАН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН 98 ХУВЬ НЬ ЖОЛООЧ НАРЫН БУРУУГААС БОЛЖЭЭ

204
0

“Төмөр замын гарам, аюултай бүс-2” сэдэвт зөвлөгөөнийг ЗТХЯ, нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газар, Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, ХЭҮК, Тээврийн прокурор, Төмөр зам дахь Цагдаагийн газар хамтран өнгөрөгч баасан гарагт /2016.12.09/ зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнөөр төмөр замын гарам дээр хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэл өндөр болж байгаа, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн байгууллагынхан ярилцаж, зөвлөлдсөн юм.

Энэ асуудлыг нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармуудыг ижил бус түвшинд огтлолцол болгож, гүүр барьснаар шийдвэрлэх боломжтой гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж байна. Харин гүүр баригдахаас өмнө, ачаалал ихтэй төмөр замын гармууд дээр гармын жижүүр үндсэн ажлаа хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулж галт тэргэнд коридор гаргах ажлыг замын зохицуулагч цагдаа ажиллуулж шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Улаанбаатар төмөр замын газраас төмөр замын гармын дохио, тэмдэг, тоноглолыг сайжруулж байгаа боловч осол, зөрчлийн тоо буурахгүй, харин ч өсжээ. Төмөр замын гармаар гарч байгаа тээврийн хэрэгслийн тоо нэгдүгээр зэргийн гармын дээд нормоос 8-10 дахин ихэссэн буюу хоногт 50-70 мянган тээврийн хэрэгсэл ачаалал ихтэй гармуудаар зорчиж байна. Гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98 хувь нь жолооч нар дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч орсноос үүдэлтэй байдгийг албаны хүн ярилаа.

Мөн нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармууд дээр галт тэрэгний болон сэлгээний бүрэлдэхүүн явснаас болж өдөрт 2-3 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, хотын түгжрэлийг нэмэгдүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Төмөр замын гарам дээр хүний амь нас эрсдэх явдал гарч байна. Гармын жижүүр галт тэрэгний хөдөлгөөнийг гарам дээгүүр саадгүй өнгөрүүлэхийн тулд хяналт, дохио өгөх үндсэн ажлаа орхиж, тээврийн хэрэгслийг төмөр замын аюултай бүс рүү оруулахгүйн тулд өөрийн биеэр хааж зохицуулан ажиллаж байгаа нь машинд дайруулж, мөргүүлэх зэргээр осолдох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх ганц арга болох нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармуудыг ижил бус түвшинд огтлолцол болгож, гүүр барих ажлын зардлыг төвлөрсөн болон нийслэлийн төсөвт тусгаж шийдвэрлэх хэрэгтэй байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here