Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбооноос хамтран Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Гал голомт хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, дуучин Б.Маралжингоо, 2017 оны Дэлхийн миссийн Монгол оролцогч Ц.Энхжин болон 16 настнуудын төлөөлөл болсон 850 шилдэг сурагч оролцлоо.
Энэ жил манай улсын хэмжээнд 64375 залуус 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байна. Уг үйл ажиллагаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг явагдаж, 16 настнууд иргэний үнэмлэхээ гардаж авсан байна.