Нүүр хуудас Нийгэм Хотын дарга С.Батболд СХД-ийн хороодод ажиллав

Хотын дарга С.Батболд СХД-ийн хороодод ажиллав

253
0
Hotiin darga-Batbold
Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн хэлтэс, албад, харьяа агентлагийн дарга нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн хэлтэс, албад, харьяа агентлагийн дарга нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.

Энэхүү уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцов.

Нийслэлийн төр, захиргааны удирдлагууд урьд өмнө нь ийнхүү анхан шатны хороодод бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаагүй, анхны тохиолдол энэ болж буйг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уулзалтын үеэр онцолж байв. Эдгээр хороод Баянхошууны баруун, зүүн салаанд байрладаг бөгөөд нийслэлийн хүн ам олонтой хорооны тоонд багтдаг юм.

Энэхүү уулзалтаар Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажил, арга хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар болон холбогдох албаны хүмүүс иргэдэд мэдээлэл өгч иргэдийн үгийг сонсов.

Иргэдийн зүгээс гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох, камержуулах, автобусны хүртээмжийг сайжруулж, буудал хоорондын зайг ойртуулах, зарим ойр буудлын зайг холдуулж тэнцвэржүүлэх, хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулах, сургуулийн автобустай болгох, баруун салаа орчмын намагтай газруудад ус зайлуулах хоолой тавих, Хилчин хорооллын подвалын усыг шавхах, гудамжуудын хаягийг жигдрүүлэх зэрэг саналыг тавьж байлаа.

~Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн хороодод ажиллав~

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдэд хандан хэлэхдээ

“Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар ирж иргэдийнхээ үгийг сонсч байна. Сонгинохайрхан дүүрэг 320 мянган хүн амтай. Энэ бол 5 аймгийн хэмжээний хүн ам гэсэн үг. Хэтэрхий нүсэр болж байна. Ингээд УИХ, Засгийн газрын гишүүдтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж тус бүр хоёр дүүрэг болгон хувааж, хороодыг жижиглэх талаар ярьж байгаа. Ингэхгүй бол төрийг үйлчилгээг иргэдэд хүргэхэд хэцүү. Хороодын дарга нар 20-30 мянган хүнтэй ажиллаж байна. Дүүрэг хуваах нь албан тушаалтныг олшруулах юм уу, улс төрийн зорилготой биш. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой. Дүүрэг хуваах талаар тавдугаар сарын эхний 15 хоногт иргэдээс санал асуулга явуулна.

2020 он гэхэд бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, 3-6 насны хүүхдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Хүн ам олонтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэг түлхүү барих зорилт тавьж байна.

Нийтийн тээврийн хүртээмжийн хувьд БНСУ-аас 500 автобус авахаар гэрээ, хэлэлцээ хийж, ярилцаж байна. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Европоос 200 шинэ автобус худалдаж авна. Эдгээрээр 2019 онд парк шинэчлэлт хийнэ.

Эрүүл мэндийн салбарын хувьд Сонгинохайрхан дүүрэгт ирэх намар гэхэд дэлхийн жишигт хүрсэн 250 мянган хүнд үйлчлэх эмнэлгийг барьж ашиглалтад оруулна. Иргэдэд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээ цоо шинэ шатанд гарна. Дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдэд 15 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна.

Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, төрөхүүдийн гадна талын тохижилтыг хийж байна. Дүүргийн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасгуудыг сэргээж байна.

Эрчим хүчний хангамжийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Баянхошуу дэд төвийн том шугам татаж байна. 200 айл нийлж нэг дэд бүтцийн төв байгуулаад, цэвэр, бохир ус, цахилганы асуудлыг нь шийдэх Сервис центр байгуулах ажил эхэлж байна. 2020 он гэхэд 50 төв байгуулах төлөвлөгөөтэй, энэ онд эхний хоёрыг байгуулна. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороололыг технологийн бүс гэж зарласан. Айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд бид иргэдийнхээ үгийг сонсч байна”

гэлээ.

Иргэд газар дээр нь ирж байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонссонд нийслэлийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here