Нүүр хуудас Нийгэм Хууль бусаар ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгоно гэв

Хууль бусаар ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгоно гэв

179
0

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил уул уурхайн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээгээ танилцуулж, хууль бусаар том том техник хэрэгсэл ашиглаж олборлолт явуулж байгаа байдалд аймгаас цаашид ямар байр суурьтай ажиллах талаар мэдээлэл өглөө.

Тэрээр, “Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Орхонтуул, Баянгол сумд, Бугант тосгонд хувиараа алт олборлох, том том техник оруулж ирж хууль бусаар газар ухан байгаль дэлхийг сүйтгэх байдал их гарч байна. Энэ асуудал дээр аймаг орон нутгийн зүгээс хууль хүчний байгууллага цагдаа, мэргэжлийн хяналт, тагнуулын газар зэрэг байгууллагуудтайгаа хамтарч хяналт шалгалтын чиглэлээр удаа дараагийн арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн МХГ, БОАЖГ, Цагдаагийн газар хамтран “Байгаль хамгаалах журам”-ын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр 8 удаа хамтарсан шалгалтыг зохион байгуулаад байна. Ерөө сумын нутаг Ялбаг, Ногоон даваа гэх мэт газруудад 2017 оны 05-р сарын 08-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн газар, БОАЖГ-аас хамтарсан хяналтын цэгүүдийг ажиллуулж, байнгын хяналт тавьж ажиллаж байна. Аймгийн МХГ-аас ашигт малтмалын хууль бус ашиглалт олборлолтын зөрчлийг илрүүлэх таслан зогсоох чиглэлээр хууль бус алт олборлолттой холбоотой 20 гаруй зөрчил илрүүлсэн. Үүнээс 3 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 13 зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 7 зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлээд байна. Зөрчил гаргагсадад нийт 20 сая 500 мянган төгрөгийн торгууль, 25 сая 700 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, хууль бусаар ашигласан эд зүйлсийг хураан аваад байна.

Аймгийн Засаг дарга миний бие 2 удаа явж бодит байдалтай танилцлаа. Бодит байдлын нөхцөл үнэхээр хүнд байна. Энэ хүнд байдлаа Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр ч хэлсэн. Өнөөдөр яам, тамгын газрууд уялдаа холбоотой, гарсан шийдвэрүүд дээрээ яг нэг л бодол санаатай байхгүй бол манай аймагт энэ асуудал үр дүнтэй ажил болохгүй байна. Аймгийн дарга, Цагдаа, МХГ, Тагнуул очих сургаар зугтаад алга болчихдог. Техникүүдээ мод руу оруулж орхидог.

Сэлэнгэ аймгийн хувьд “Алт 2” хөтөлбөрт хамрагддаг. Энэ сургаар хүн болгон л алт ухна гээд ирж байна. Мөн мэргэжлийн байгууллагууд шалгалт шүүлгээр явахад ч тулгамдаж байгаа асуудлууд байна. Ууланд байгаа компьютерээс эхлээд машин техникийг нь эд ангиар нь салгаад аваад явахад зөрүүлж авчираад л ажил эхэлж байдаг. Ийм хувь хүн, аж ахуйн нэгжид техник тоног төхөөрөмжөө түрээслэн өгч байгаа газрууд байгаа л байх. Зөрчлийн тухай хуульд зааснаар “газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах “ гэж заасан байгаа. Эрүүгийн хуулинд “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа. Тиймээс хууль бус алт олборлож байгаль орчин сүйтгэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бидний одоогийн авах арга хэмжээ маань та бүхний орхиод, нуугаад явсан техник тоног төхөөрөмжийг улсын орлогод хураан авах болно шүү гэдгийг хариуцлагаар мэдэгдэж хэлье. Одоо бол үйл ажиллагаа зогсчихсон. Хавар ирээд л хууль бус үйл ажиллагаагаа явуулна. Тиймээс техникээ, машинаа түрээслүүлж байгаа хувь хүн, компаниуд анхаараарай. Сэлэнгэ аймаг одооноос эхлээд энэ орхигдсон, хууль бусаар олборлолт явуулсан машин техник хэрэгслийг улсын орлого болгоно гэдгийг хатуу анхааруулж хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ техник хэрэгслийг улсын орлого болгоход мэдээж хөрөнгө гарна. Үүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг 2018 оны төсөвтөө суулгаж ажиллана. Аймгийн удирдлагын баг энэ асуудал дээр маш их санаа зовж ажиллаж байна. Тэр хууль бус үйлдэл хийж байгаа нөхдийг зураг хөрөгтэй нь цахим ертөнцөөр нийтэд харуулах болно. Хууль бус алт олборлогчидтой тэмцэхэд хэвлэл мэдээллийнхэн та бүхэн бидэндтэй хамтарч оролцохыг уриалж байна” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here