Нүүр хуудас Нийгэм Хүн амын махны дотоодын хэрэгцээнд 503 мянган тонн МАХ зарцуулна

Хүн амын махны дотоодын хэрэгцээнд 503 мянган тонн МАХ зарцуулна

139
0
mahnii-hereglee
Хүн амын махны дотоодын хэрэгцээнд 503 мянган тонн МАХ зарцуулна

Аймаг, орон нутгаас авсан мэдээгээр энэ онд хүн амын дотоодын хэрэгцээнд зориулж 15.1 сая толгой мал буюу нядалгааны үеийн жингээр тооцвол 503 мянган тонн мах хэрэгцээлэх тооцоо гарчээ.

Хүнсэнд хэрэглэдэг малын 92 хувийг бог мал, найман хувийг бод мал эзэлж байгаа бөгөөд үүний 10 орчим хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж байна.

Жил ирэх бүр үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээ нэмэгдэж байгаа ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага, хэрэгцээ байгааг харуулж байгаа юм.

Тиймээс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Үйлдвэржилт 21:100″ үндэсний хөтөлбөрийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог сайжруулах, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Мах сүүний анхдугаар аян”-ны хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилтыг тус тус хангах зорилгоор тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ.

~Хүн амын махны дотоодын хэрэгцээнд 503 мянган тонн МАХ зарцуулна~

Уг арга хэмжээг зохион байгуулахад олон талын оролцоо шаардлагатай. Тухайлбал, загвар арга хэмжээнд мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдаа, үйлчилгээний төв, дэлгүүр, супермаркет, түүгээр үйлчилдэг цэцэрлэг, сургууль, ажилчдын хоолны газар зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр хамрагдаж боломжтой.

Гол нь иргэд, олон нийтэд чанар, аюулгүй байдлаа баталгаажуулсан мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан, үйл ажиллагаандаа ахиц гаргасан үйлдэл болно гэж үзэж байна.

Түүхий эд бэлтгэлээс хүнсний сүлжээнд нийлүүлэх хүртэл бүхий л үе шатанд чанар, стандарт, аюулгүй байдлыг мөрдүүлэх учраас Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгуудын ЗДТГ, ХХААГ, Монголын махны холбоо,

Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төслийг дээрх загвар арга хэмжээнд татан оролцуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэгдсэн бодлого, удирдлагаар зангидан зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here