Нүүр хуудас Нийгэм Хүүхэд эмэгтэйчүүд тусгай өрөөнд мэдүүлэг өгнө

Хүүхэд эмэгтэйчүүд тусгай өрөөнд мэдүүлэг өгнө

393
0

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс “Насанд хүрээгүй хүүхэд болон эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах тусгай өрөө”-тэй боллоо. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжлийн төв” хамтран Насанд хүрээгүй хүүхэд болон эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах тусгай хоёр өрөөг тохижуулан, засварлаж ашиглалтад орууллаа. Нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Даваасүрэн, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төслийн үйл ажиллагааны менежер С.Золжаргал нар оролцлоо. Тухайн өрөөнүүдийг засварлан тохижуулахад нийт 16 сая гаруй төгрөг зарцуулагдсан бөгөөд холбогдох техник хэрэгсэл, эд зүйлсээр бүрэн тоноглон тохижуулсан нь 2017.02.01-нээс мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Учир нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд бусдын дарамт шахалтын улмаас анхны мэдүүлгээсээ татгалзахад хүрдэг бөгөөд стандартын шаардлага хангасан өрөөтэй болсноор хүчирхийлэлд өртсөн иргэд мэдүүлгээ үнэн зөв, гадны дарамт шахалтгүй мэдүүлэх, улмаар хувь хүний нууцыг бүрэн хамгаалж, хадгалах боломжийг бүрдүүлсэн байна.

Тус цагдаагийн хэлтэс нь Баянгол дүүргийн 13 хорооны иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Гэмт хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа, бие махбодь, эд хөрөнгөөрөө хохирдог тул хохирогчийн анхны тайлбар, мэдүүлэг нь хэрэг шийдвэрлэхэд чухал байдаг. Тиймээс тусгайлсан мэдүүлгийн өрөөтэй болж байгаа нь том дэвшил хэмээн тус хэлтсийн удирдлагууд хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here