Нүүр хуудас Нийгэм Өвөлжилтийн бэлтгэл 89,1 хувьтай байна

Өвөлжилтийн бэлтгэл 89,1 хувьтай байна

68
0
owoljilt..
Өвөлжилтийн бэлтгэл 89,1 хувьтай байна

Энэ жилийн ургац хураалтын нэгдсэн дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Мэдээлэлд дурдсанаар, энэ жил улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68.4 сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалтыг хангаж ажиллав. Үүнээс 19465 өрхийн 8.7 сая толгой мал отроор өвөлжиж хаваржих зохион байгуулалт хийгджээ.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, нутгийн 40 орчим хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу гэсэн үзүүлэлттэй, энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх буюу 1.1 сая малаар буурсан байна.

Энэ онд малчдын түвшинд өвс 1 сая 162.1 мянган тн, сүрэл 16.6 мянган тн, ногоон тэжээл 113.4 мянган тн, үйлдвэрийн тэжээл 42.3 мянган тн, гар тэжээл 79.8 мянган тн, дарш 10.8 мянган тн, давс, хужир 107.6 мянган тн, бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувь бэлтгэсэн нь өмнөх оноос өвс 227 мянган тн-оор, ногоон тэжээл 90.8 мянган тн-оор, гар тэжээл 38.6 мянган тн-оор тус тус илүү байгаа аж.

Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.9 мянган тн өвс, 14.7 мянган тн тэжээл бэлтгэх даалгавартайгаас 21.2 мянган тн өвс, 7.1 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 94.5 хувь, сумдын түвшинд 66.7 хувийн биелэлттэй байна. Үүний дотор Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн сумд бэлтгэл ажлыг хангалтгүй биелүүлсэн байна.

Энэ онд улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 191, гадаадын төсөл, хөтөлбөрийн 368.1 сая төгрөгөөр 26, орон нутгийн төсвийн 2.8 тэрбум төгрөгөөр 206 инженерийн хийцтэй худаг, малчдын өөрсдийн санаачилгаар 296 гар худаг, нийт 7.3 тэрбум төгрөгөөр 719 худаг гаргасан нь 930.5 мянган га бэлчээр буюу 2.7 мянган малчин өрхийн 1.4 сая толгой малын усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ болжээ.

Бэлчээрийн ургамал хамгаалах арга хэмжээний хүрээнд үлийн цагаан оготнотой 15 аймгийн 730.0 мянган га-д, царцаатай 3 аймгийн 70 мянган га-д тус тус тэмцэж, нийт бэлчээрийн даац багтаамжийг 800 мянган га-аар эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн байна.

Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, БНСВУ, Малайз, Гонконг 955 тн үхрийн мах, 22492 тн адууны мах, 3814 тн хонь, ямааны мах нийт 27261 тн мах, дулааны аргаар боловсруулсан 16027 тн махыг тус тус экспортолж, нийт 104.0 сая ам.долларын экспорт хийгдээд байна.Өнгөрсөн оны мөн үеэс мах 17.7 мянган тн-оор, дулааны аргаар боловсруулсан мах 14.5 мянган тн-оор тус тус илүү байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагджээ.

Малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг урамшуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарласан.

Аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор дүгнэжээ. Уралдаанд аймгаас “Хөвсгөл” аймаг, Сэлэнгэ аймгийн “Орхон туул” сум, Дорнод аймгийн Баяндун сумын “Түргэн баг”, Малчдын бүлгээс Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн “Улаан-Адаргана” малчдын бүлэг, Фермерээс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг “Баянцагаан хайрхан” ХХК тус тус шалгараад байна.

Шалгарсан аймаг, сум, баг, малчдын бүлэг, фермер нь хамгийн их хадлан, тэжээл бэлтгэсэн, мал эмнэлгийн арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй, малаа эдийн засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан, отор нүүдлийн бэлтгэл зэргийг сайн хангаж ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here