Нүүр хуудас Нийгэм “Монгол-Хятадын экспо”энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

“Монгол-Хятадын экспо”энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

207
0

Монгол, Хятадын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхагийн хүрээнд “Монгол-хятадын экспо 2017” хоёр дахь удаагийн үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээний нээлт 2017 оны 09 сарын 26-наас эхлэн явагдаж байгаа билээ.  “Монгол- Хятадын экспо” нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар  хамтран зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээнд Монголын талаас  383 аж ахуй нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна.  Мөн 40 гаруй орны төлөөлөл, ОХУ зочин орноор оролцож байгаа юм.  “Монгол улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” гол сэдвийн дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав, БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин, ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Ардын засгийн ордны тэргүүлэгч Бү Шиаолин, болон бусад албан төлөөлөл оролцлоо.

БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин нээлтийн үеэр хэлэхдээ “Монгол, Хятад хоёр улс уул усаар зэрэгцэн орших найрсаг хөршүүд. Хоёр орон эдийн засгийн хувьд харилцан бие биеэ нөхөх чадвар сайтай, хамтын ажиллагааны нөөц ихтэй. Ойрын жилүүдэд хоёр орны харилцааг харилцан, ашигтай хүндэтгэсэн байх үндсэн дээр эрчимтэй хөгжиж байгаа нь хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжийг авчирч байна. Хоёр талын худалдаа өргөжсөөр байна. БНХАУ 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. 2016 онд хоёр талын худалдаа эргэлтийн хэмжээ 4.16 тэрбум ам.долларт хүрч, Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 60 хувийг эзэлж байна. Ялангуяа энэ оны эхний хагас жилээс хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 3.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.2 хувиар өссөн дүн байна. БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар манай улсаас Монгол Улсад оруулж буй санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4.61 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 30 хувийг эзэлж байгаа нь манай улс Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын хоёрдогч том улс болж байна” гэв. Анхны буюу 2015 онд болсон экспогийн худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтаар 166 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн. Экспог зорьсон үзэгчдийн тоо 800 мянгад хүрсэн гэх тооцоо бий. Тэгвэл энэ удаагийн экспо өмнөх амжилтаа ахиулна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга: “Хоёр дахь удаагийн экспо арга хэмжээнд  ХХААХҮ-ийн салбар,  боловсрол соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг маш өргөн хүрээнд харилцан ярилцаж, энэ чиглэлд хамтран ажиллахад тулгамдаж байгаа асуудал, цаашид юуг анхаарч ажиллах, шийдэл гарцыг хайх, судалгааны ажлуудаа танилцуулж байгаагаар онцлог болж байна. Экспо үзэсгэлэн худалдаанаас өнөөдрийн орлого гэхээс илүү цаашдын хамтын ажиллагаа ирээдүйд олох орлогыг илүү харж байна. Энэхүү экспоны  дараа олон улсын вэбсайт ажиллуулахаар  ажиллаж байна. Тэрхүү вэбсайтаар дамжуулан  үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ бүртгүүлвэл, зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийн хаанаас  тэрхүү бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх юм. Урт хугацааны худалдааны урсгал чиглэл үүсгэхээр ажиллаж байна гэж ойлгож болно” гэдгийг онцлов.

“Монгол-Хятадын экспо” хоёр дахь удаагийн нэгдсэн арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here