Нүүр хуудас Нийгэм 131 нисгэгч үнэмлэхээ гардан авлаа

131 нисгэгч үнэмлэхээ гардан авлаа

93
0
niseh
131 нисгэгч үнэмлэхээ гардан авлаа

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба /НААХЗА/-ныхан өнөөдөр үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Тус алба нь анх 1996 онд “Аюулгүй байдал, мэргэжлийн бодлогын алба” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 8.7-д заасны дагуу иргэний нисэхийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг ИНЕГ-ын мэргэжлийн хяналтын чиг үүрэгтэй нэгж юм. Өдгөө тус алба нь Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын, Нислэгт тэнцэх чадварын, Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн, Аэродром, агаарын навигацийн хяналтын гэсэн 4 хэлтэстэй, 40 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай өдөрлөгийн эхэнд албаныхаа үйл ажиллагааг товч танилцуулсан.

Тэрбээр “НААХЗА нь Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулах , Монгол Улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, Иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх болон иргэний нисэхийн үйлчилгээний байгууллага, хувь хүн, иргэний нисэхэд ашиглах бүтээгдэхүүнд зөвшөөрөл, гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчинтэй хугацааг сунгах, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавих, Иргэний нисэхийн хууль, дүрэм журам зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг явуулж байна” гэлээ.

НААХЗА нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлдэг нэгжийн хувьд үйл ажиллагаандаа Чикагогийн конвенц, ИКАО/Олон улсын иргэний нисэхийн байгууллага/-ын стандарт, практик зөвлөмжүүд, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль,Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Иргэний нисэхийн улсын хяналтын дүрэм,Иргэний нисэхийн багц дүрэм/ИНД/-үүд, ИНЕГ-ын даргын баталсан техникийн стандарт, заавар, журам, үйл ажиллагааны зааврууд гэсэн эрх зүйн баримт бичгүүд, хуулиудыг мөрдлөг болгон ажилладаг байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар “ИНД-119”-ийн дагуу дотоодын 8, “ИНД-129”-ийн дагуу гадаадын 10 авиакомпани “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ”-гээр гэрчилгээжжээ. Түүнчлэн “ИНД-137”-ийн дагуу Хөдөө аж ахуйн зориулалтай нислэгийн үйл ажиллагаа эрхлэгч 2 байгууллага, “ИНД-145”-ын дагуу Агаарын хөлгийн техник үйлчилгээний дотоодын 6, гадаадын 9 байгууллага, “ИНД-144”-ийн дагуу шатахуун хангамжийн 3 байгууллага, “ИНД-139”-ийн дагуу Аэродромын гэрчилгээтэй 13 нисэх буудал, Аэродромын түр зөвшөөрөлтэй 6 нисэх буудал гэрчилгээжиж иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулах эрхээ НААХЗА-аар баталгаажуулсан байна.

~131 нисгэгч үнэмлэхээ гардан авлаа~

Түүнчлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн 28 агаарын хөлөг байгаагаас гадна ИНД-21, 47-ийн дагуу 12 агаарын хөлөг нь Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, зөвшөөрөлтэй гэдгийг Нислэгт тэнцэх чадварын хэлтсийнхэн танилцууллаа. Улсын хэмжээнд нисгэгчийн үнэмлэхтэй 131 нисгэгч байдаг бол Нислэгийн удирдагчийн үнэмлэхтэй 186 нислэгийн удирдагч байдаг аж. Агаарын хөлгийн техник, үйлчилгээний ажилтны үнэмлэхийг “ИНД-66”-ын дагуу 133 мэргэжилтэн эзэмшиж байна.

Өдөрлөгийн үеэр нисэхийн салбарын мэргэжилтнүүд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдах тохиолдол цөөнгүй гарч байгааг Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийнхэн танилцуулж байсан. Тухайлбал, 2019 он гарсаар эхний хагас жилийн байдлаар 13 ажилтан дээрх хуулийн холбогдох зүйл заалтаар арга хэмжээ авагдсан гэдгийг хэллээ.

Мөн өдөрлөгийн үеэр нисэхийн салбарын нарийн мэргэжилтнүүд тэр дундаа Нислэгийн хөдөлгөөн удирдагч нарт тавигддаг англи хэлний шаардлага, шатлал, шалгалтын асуудлыг хүний нөөцийн бодлоготой уялдуулан эргэж харах шаардлага байгааг ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрынхан дурдаж, санал хэлж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here