Дэлхийн Мисс тэмцээн нь анх 1951 онд Их Британид зохион байгуулагдсанаасаа хойш манай дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй, цар хүрээ томтой тэмцээн болж чадсан.
Энэ жил 68 дахь удаагаа зохион байгуулагдах тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалтад 118 улс орны гоо бүсгүйчүүд өрсөлдөнө.
Болох газрын хувьд БНХАУ-ын Саня хотын Саня сити арена нэртэй цогцолборт зохион байгуулагдана. Түүхээс эргэн харахад тэртээ 1950-иад онд анх усны хувцастай гоо бүсгүй шалгаруулах тэмцээн хэлбэрээр үүссэн бөгөөд эхний ялагч нь Шведийн Керстин “Кики” Хаканссон 22 насандаа шалгарч байжээ. Тэмцээн хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн тул 1959 оноос эхлэн BBC телевиз дамжуулах болсон гэдэг.
Тэмцээний түүхэнд шалгарч байсан онцлууштай ялагчид гэвэл 1994, 2000 оны ялагч болсон Энэтхэг бүсгүйчүүдийг нэрлэж болно. 1994 онд түрүүлсэн Айшвара Рай нь Энэтхэгийн жүжигчин, модель, мисс гэдгээрээ алдартай. Тэгвэл 2000 онд түрүүлсэн Приянка Чопра нь хожим Болливуд болон Холливудын томоохон супер од болсон билээ.
Өнгөрсөн жилийн хувьд Энэтхэгийн мисс Мануши Чиллар түрүүлснээр Энэтхэг улсаас Дэлхийн Миссээр шалгарсан 6 дахь бүсгүй болж байсан.
Тухайн жилийнхээ “Times Most Desirable Woman of India 2017” буюу хамгийн хүсэмжит эмэгтэйгээр шалгарч байв. Энэ жил 21 настай Мануши 12 сарын 8-ны үдэш дараачийн дэлхийн миссийн ялагчид титмийг нь шилжүүлэн өгнө.
Монгол улсаас энэ жил Эрдэнэбаатарын Энхриймаа улсаа төлөөлөн оролцож байна. Манай мисс бүсгүйчүүдийн өмнө гаргаж байсан томоохон амжилтууд гэвэл Амарын Сарнай 2010 онд Шилдэг 25-д, 2016 онд А.Баярцэцэг Шилдэг 11-т, 2017 онд Ц.Энхжин Шилдэг 15-д тус тус шалгарч байсан.
Энэ жилийн Дэлхийн Мисс тэмцээний финалыг бямба гарагт хүлээн авч үзээрэй.