Нүүр хуудас Соёл урлаг Залуу уран бүтээлчдийн нэгдэл “АЛТАН БИЙР” үзэсгэлэн тун удахгүй…

Залуу уран бүтээлчдийн нэгдэл “АЛТАН БИЙР” үзэсгэлэн тун удахгүй…

299
0
Altan biir 13
Залуу уран бүтээлчдийн нэгдэл “АЛТАН БИЙР” үзэсгэлэн тун удахгүй...

МУЭ-ийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдлийн нэрэмжит “АЛТАН БИЙР”-2019 олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн нээлт болон шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019.04.04-ний 17:00 цагт МУЭ-ийн Арт галерейд болно.

Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл нь “АЛТАН БИЙР” үзэсгэлэнг уламжлал болгон жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд бид олон улсын уран бүтээлчдийг үзэсгэлэндээ урьж оролцуулан үзэсгэлэнгийнхээ цар хүрээг тэлж байна. Ингэснээр залуу уран бүтээлчид хоорондоо туршлага солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хамтран ажиллах сонирхолтой нөхцлүүд бий болох юм.

Сүүлийн үед ЗУБН залуу уран бүтээлчдийнхээ гадаад харилцаанд ихээхэн анхаарч хэд хэдэн олон улсын үзэсгэлэнг Нийслэлийн Соёл Урлагийн газар болон БНСУ-ын Пусан болон Тэжон хотуудын Урчуудын эвлэлүүдтэй хамтран зохион байгуулж, “АЛТАН БИЙР” үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдыг дэмжиж түлхүү хамруулж ирсэн билээ.

“АЛТАН БИЙР” үзэсгэлэнд 35 хүртэлх насны залуу уран бүтээлчид дүрслэх урлагийн бүх төрлөөр оролцох боломжтой бөгөөд үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлчдэд шаардлагатай оюуны өмч болон урлагийн талаар сонирхолтой лекцүүд болон дүрслэх урлагийн сургуулийн оюутнуудын дунд Таталбар зургийн уралдааныг зохион байгуулдгаараа онцлогтой.

Уламжлал ёсоор “АЛТАН БИЙР” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа үзэсгэлэнгийн нээлтийн өдөр болох бөгөөд шилдэг бүтээлийн ялагчид “Алтан бийр” цом, мөнгөн шагнал, МУЭ-ийн уран бүтээлчдийн урланд уран бүтээлээ хийх нэг жилийн эрх, Арт галерейд бие даасан үзэсгэлэнгээ толилуулах эрхийг тус тус гардуулна.

2019.04.06-ны 11:00 цагт Таталбар зургийн уралдааныг зохион байгуулах бөгөөд шилдэг оролцогч “Алтан бийр” зургийн хэрэгслийн дэлгүүрийн гарын бэлэг, худалдан авалт хийх эрхийн бичиг тус тус дагалдана.

МУЭ-н дэргэдэх ЗУБН Лавлах утас: 327474, 89006162

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here