Нүүр хуудас Соёл урлаг Инээнэ гэдэг чинь эмгүй эмчилгээ шүү дээ

Инээнэ гэдэг чинь эмгүй эмчилгээ шүү дээ

260
0
Л.Сөрөлт
Инээнэ гэдэг чинь эмгүй эмчилгээ шүү дээ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Сөрөлт “Мөрөөдлийн театр”-ын “Сошиал эвлүүлэг” тоглолтын хаалтын тоглолтын талаар: 

Манай хамт олон “Сошиал эвлүүлэг” тоглолтоо өнгөрсөн сарын 30-наас эхлэн 20 гаруй хоног тоглолоо. Уран бүтээлийг минь маш олон хүн ирж үзэж байна. Гол нь тоглолт маань чанартай, сайхан болсон болохоор өнөөдөр үзээд явсан хүн маргааш хоёр болж, “Гоё тоглолт болж байна” гэсэн яриа амнаас ам дамжсаар сүүл рүүгээ “их чангарч” ирж байна. Гоё, сайхан байна.    -Нэрнээсээ ч ойлгомжтой байгаа юм л даа, “Сошиал эвлүүлэг” гээд. Манайхан юм л болвол эвлүүлэг болгочихоод байна шүү дээ. Түүнийг бид өөрөөр яаж харуулах вэ, яаж эвлүүлэх вэ гэж бодсон. Тоглолт нэг талаар эвлүүлэг шүү дээ. Хамгийн гол нь сошиал хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэг дээр л дуугарах гээд зорьсон юм. Ялангуяа хүүхдүүдэд сошиал гээгч зүйл хэрэгтэй байна уу гэдэг асуудал. Заримдаа жаахан хүүхдүүд үзэхэд нүд халтирмаар л юмнууд бичигдэх юм.

-Хүн инээлгэнэ гэдэг асар их авьяас шаардах болов уу. Таны бодлоор инээдний цаана юу юу нуугдаж байна вэ?

-Тийм ээ. Амар ажил биш л дээ, хэцүү. Ялангуяа инээлгэх. Хүний бодоогүй зүйлийг маш хурдан бодож эргэцүүлж байж тэндээс л инээдэм гарч байгаа юм. Инээдний цаана амьдрал тэр чигээрээ л байна. Сайн сайхан, уйтгар гуниг, атаа хорсол гээд бүх юм нээдний цаана нуугдаж байна.

-Стресс бухимдал дүүрэн өнөөгийн нөхцөлд хошин урлагийнхан “нийгмийн эм” болдог гэж боддог. Нэг талаар хүмүүст стресс бухимдлаа тайлж, жаахан ч гэсэн тайвшрал авчирч байна. Та санал нийлнэ биз?

-Тийм ээ. Инээнэ гэдэг чинь эмгүй эмчилгээ шүү дээ. Эм уухгүйгээр өөрийгөө эмчилж байна гэсэн үг. Би хааяа ажлынхантайгаа “Манай “Мөрөөдлийн театр” ирж буй үзэгчдийнхээ элэг, хоолой хоёртой их дотно, харилцаа тогтооно гэж (инээв.сурв) ярьж инээдэг байхгүй юу. Өнөөдөр манай тоглолтод театрын жүжигчдээс гадна дуучид гээд олон уран бүтээлч оролцож байна. Бид Увсаас Өсөх-Ирээдүй хүүг авчирлаа. Энд сурах сургууль, амьдрах байр гээд бүх зүйлийг нь шийдээд тоглолтдоо оролцуулж байна. “Цэцэг” хамтлагийн дуучин Батболд ах оролцож байна. Надтай хамтран дуулдаг манай Түмэн-Өлзий орж байна. Хошин урлагийн хамтлаг, продакшнууд дуучидтай хамтран уран бүтээл хийдэг л дээ. Гэхдээ нэг дор ингэж олон уран бүтээлч хамтран оролцож байсан удаа байхгүй.

-Өсөх-Ирээдүй хүү танай хамтлагийн гишүүн болж байгаа гэсэн үг үү?    

-Энэ удаагийн тоглолтод манай хамтлагийн нэг гишүүн болж оролцож байна. Одоо ингээд “маналзаад” ороод ирнэ шүү дээ (инээв.сурв).

-Өнөөдрийн байдлаар “Мөрөөдлийн театр” продакшн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Энэ тоглолтын хувьд л гэхэд жүжигчид, бүжигчид гээд бараг 40-өөд хүн тайзан дээр байна. Цаашаа тайз засал, хамгаалалт гээд яривал 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглож байна.

-“Сошиал эвлүүлэг” тоглолт сонирхолтой, гоё болсон. Миний хувьд өөрийг тань “хөөрхөн булдруу” Өсөх-Ирээдүйтэй хамт дуулах байх гэж хүлээж байлаа?

-Түмээ бид хоёр уран бүтээл хийдэг болохоор Түмээтэй дуулахгүй бол болохгүй болчихоод байгаа юм л даа.

-Цаашид “Мөрөөдлийн театр” продакшны хамт олны үзэгчиддээ толилуулахаар төлөвлөж буй уран бүтээлээс сонирхуулахгүй юу?

-Манай хамтлагийн залуучууд бүгд чиглэл чиглэлд уран бүтээл туурвих яриатай байгаа. Кино, жүжиг тоглоно. Шоу, шоу драм тоглоно. Бас хаалттай юм хийж үзнэ.

-Хаалттай сэдвээр үү?

-Биш ээ. Хаалттай шоу. Жаахан нууц маягийн, үдэш орой тоглогдох юм.

-Жүжигчин Сөрөлт олон уран сайхны киноны гол ба туслах дүр бүтээсэн. Тайзан дээр хошин шогийн үзүүлбэр үзүүлэх, киноны дүр бүтээх хоёр мэдээж ялгаатай болов уу. Та алинаас нь илүү их кайф авдаг вэ?

-Тайзнаасаа. Яагаад вэ гэвэл гоё амьд. Үзэгчдээ гоё мэдэрнэ. Тухайн үед реакцийг мэдэрнэ. Кинонд тоглох тухайд зураг авалт хийж, бэлэн болоод олны хүртээл болно. Үзэгчид ам дамжин ярина. Миний хувьд тайзнаасаа илүү гоё мэдрэмж авдаг. Гоё шүү дээ. Орой тоглолтдоо ирэх хамгийн гоё мэдрэмж байдаг. Хоёр цаг, хамт олонтойгоо, шуртхийгээд л өнгөрчихсөн байдаг.

-Та яаж хошин урлагтай холбогдсон юм бэ?

-Би 2006 онд СУИС төгссөн. Тэр үед “Театр-Шинэ үе” уралдаан болдог байсан. Би нэгдүгээр курсээсээ эхлээд тэр уралдаанд орсон. Бооёо ах, Хүрлээ ах гээд шүүгчид шүүдэг. Сургуулиа төгссөн жилээ тэр уралдаанд түрүүлсэн. Дадлагаа “Шинэ үе”-д хийсэн. Дорноговьд тоглочихоод бид хот руу галт тэргээр буцаж явсан юм. Одоогоос 11 жилийн өмнө гэсэн үг. Бооёо ах “Миний дүү “Шинэ үе”-дээ ажиллах уу” гэж асуусан. Тэнд ажиллахгүй бол би Хөвсгөлийн студи рүү заавал явж ажиллах ёстой. Нутаг явах бодолтой байхад Бооёо ах тийм санал тавиад, “Тэгье л дээ” гээд, анх “Шинэ үе”-дээ орж байлаа даа.

-Анх удаа тайзан дээр гарах хамгийн гоё байдаг байх аа?

-Аа янзын  Их сандарна. Хүрлээ ах хүүхэн болчихсон. Хүрлээ ахын хэлээд байдаг “Ишигний давсаг” гээд миний хамгийн анхны дүр л дээ. Би юу хийхээ мэдэхгүй. Бооёо ах, Хүрлээ ах, Дооёо ах, Лхагваа ах, Ундраа эгч гээд мундагууд байгаа юм чинь. Тоглолт болоод би гардаг юм. Дээл өмсөөд, нэг ташуур ямар ч байсан барьж авъя гээд. Эхний өдөр ташуураа барьж гараад. Бараг юм яриагүй, ташуураа учир зүггүй, бүр янз бүрээр эргүүлсэн. Тэр их гоё мэдрэмж байсан. Тэгсэн хүмүүс их гоё инээж байна. Ямар гоё байсан гээч. Анхны хамгийн гоё мэдрэмж тэр байлаа.

-БИ ТЭСЭХГҮЙ “ҮЙЛИЙН ҮР ЧИНЬ ҮР ХҮҮХДЭД ЧИНЬ ИРНЭ ДЭЭ, ЯАНА АА” ГЭЖ БИЧСЭН-

-Тэр үеийг бодоход одоо та олны танил болсон. Гудамжинд явахад чинь хүмүүс яаж ханддаг вэ?

-Өө, их сайхан ханддаг шүү. Ер нь манай монголчууд чинь олны танил хүмүүстээ их хүндэтгэлтэй ханддаг.

-Олны танил байх: -Сайхан тал ч бий, саар тал ч бий. Олны танил болчихоор ямар ч байсан айхтар өөрөөрөө байж чаддаггүй. Гудамжинд ямар тамхи татаад алхаад байлтай биш. Хүмүүс хэлдэг шүү дээ, “Нэр хүндийг олоход амархан. Дааж явах хэцүү” гэдэг. Ёстой хэцүү шүү.

-Миний хувьд олон охид, бүсгүйн амнаас “Сөрөлт хөөрхөн ш дээ” гэсэн үг сонсож байсан?

-Өө мэдэхгүй, тэгж байна уу? (инээв.сурв).

-Харин тийм. Охид, бүсгүйчүүд өөрийг чинь “эргүүлж” байна уу? – Гайгүй ээ…

-Хошин шогийн маш олон хамтлаг, продакшн байсан, жил ирэх тусам хумигдсаар байна. Энэ бүхний шалтгаан юунд байдаг юм бол?

-Их олон зүйлтэй холбоотой л доо. Үзэгчдээс холбоотой асуудлууд гарч ирж байна. Сүүлийн үед эдийн засгийн хямрал гээд хүмүүс юм үзэх мөнгөө болж өгвөл гэр орондоо зарцуулж байх шиг байна. Энэ талаар дүгнэж цэгнэх хэцүү. Гэхдээ “Шилдэг өнгө”, “Х Түц”, “Шинэ үе”, “Эмоци”, “Маск” гээд уран бүтээлээ тус тусдаа хийгээд л явцгааж байгаа.

-Өнөөдрийн нийгэмд таны сэтгэлийг юу хамгийн ихээр зовоож шаналгаж байна вэ?

-Олон л юманд шаналж явах юм даа. Манай ээж Биологийн шинжлэх ухааны доктор хүн. Аав маань бас Хөвсгөлийн байгаль хамгаалах ажилд бүх насаа зориулсан. Тийм учраас биднийг байгалиа хайрлаж хамгаалах хүмүүжлээр өсгөсөн. Хөвсгөлийн Хатгал гээд тэр сайхан байгальтай нутагт өсөж төрлөө. Тэр сайхан нуур, усаа шүтэж ирсэн, байгальдаа хайртай хүмүүс. Миний хамгийн их эмзэглэдэг зүйл бол уул уурхайн олборлолтууд. Та урагшаа Өмнөговийн нутгуудаар явж үзсэн биз дээ? Бүр шархирмаар, үнэхээр өмөрмөөр. Сая фэйсбүүкээр үзсэн, Баянхонгорт голын урсгалыг хаагаад ухчихсан байна шүү дээ. Би тэсэхгүй пост оруулсан. “Үйлийн үр чинь үр хүүхдэд чинь ирнэ дээ, яана аа” гэж бичсэн. Энэ замбараагүй уул уурхайн олборлолтод л сэтгэл минь их эмзэглэж явдаг юм.

-Хоёулаа энэ удаагийн ярилцлагаа инээдээр төгсгөе. Тоглолтын үеэр тохиолдсон хөгжилтэй явдлаасаа хуваалцахгүй юу?

-Бид тоглолт дээр алдаа гаргах эрхгүй. Аглуу ах манай “Шинэ үе”-д орчихсон тоглож байсан юм. Аймаар уянгын хэсэг яваад, хоёулаа эмээ болчихсон, жигтэйхэн зовлон жаргал ярьчихсан байж байсан чинь тэсэрдэг, галтай салют харагдаад, гар өтсөн юм шиг залгачихмаар санагдаад болдоггүй. Тэгээд залгачихсан чинь пис гээд, би цаашаа “сүнс”-гүй болоод л явж орсон. Ах нар “Хүүхдүүд галтай салют ингэлээ тэглээ” гээд аргалаад, тайзан дээрээ тоглолтоо үргэлжлүүлж байгаа юм. Би гэдэг хүн тайзны араар ороод, зүрх түг түг хийгээд л. Яана аа, алуулсаан гэж бодоод… Тэгээд л тэр өдөр өнгөрч байлаа даа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here