Нүүр хуудас Соёл урлаг Наадмын ерөнхий продюсер Г.Цоггэрэл: Цэнгэлдэх хүрээлэнд НААДАМ хийхэд маш хэцүү байна

Наадмын ерөнхий продюсер Г.Цоггэрэл: Цэнгэлдэх хүрээлэнд НААДАМ хийхэд маш хэцүү байна

348
0
nairuulagch_Tsoggerel
Цэнгэлдэх хүрээлэнд НААДАМ хийхэд маш хэцүү байна
~Одоогийн цэнгэлдэх хүрээлэнд наадам хийхэд маш хэцүү байна~

Монголын үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал, наадмын ерөнхий продюсер Г.Цоггэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадмын нээлт болох гэж байна. Тэгэхээр наадмын бэлтгэл ажил хэр байна вэ?

-Энэ жилийн наадмын бэлтгэлийг хожуу эхлүүлсэн. Гэхдээ бид олуулаа багаар маш шаргуу хөдөлмөрлөж, богино хугацаанд бэлтгэлээ хийж байна. 1000 гаруй уран бүтээлчид маш шахуу хугацаанд ажиллаж байгаа. Наадмын бэлтгэл ажил одоогийн байдлаар 60 гаруй хувьтай явж байна. Технологийн бэлтгэл ажлууд 80 гаруй хувьтай байгаа. Одоогийн цэнгэлдэх хүрээлэнд наадам хийхэд маш хэцүү байна.

-Энэ жилийн наадам өмнөх жилүүдийн наадмаас юугаараа илүү онцлог болох вэ?

-Энэ жилийн наадмыг Монгол Улс бат оршиг гэдэг утга агуулгаар найруулж байгаа. Ер нь монголчуудын эв нэгдлийг илэрхийлсэн. Гэр бүл нэгдмэл байхдаа бат бөх, хүчтэй байдаг шиг, Монгол Улс эвтэй байвал хүчтэй байна гэсэн утгыг гаргасан. Монголчууд бие биенээ хүндэтгэхээ больж, нэг нэгнийхээ хийж байгаа ажлыг нураадаг болсон. Уг нь бие биенийхээ ажлыг дэмждэг, урам өгдөг байх юм бол Монгол Улс хөгжин дэвжих юм. Энэ бол наадмын гол утга санаа гэж хэлж болно. Тиймээс ч “Амьддаа бие биенээ хайрла” шүлгээр төрийн концертоо найруулж байгаа.

-Наадмын онцлох хөтөлбөрүүдийг дурдахгүй юу?

-Наадмын нээлт нь болоогүй байхад үйцээ задлах нь зохисгүй. Энэ бол уран бүтээлч хүний гол нууц. Ер нь биет бус өв соёл, түүх, эв нэгдлийг илэрхийлсэн “Монгол Улс мөнхөд бат оршиг” сэдвийн дагуу хөтөлбөрөө бэлдсэн.

-Ярилцлагын эхэнд одоогийн цэнгэлдэх хүрээлэнд наадам зохион байгуулахад амаргүй байгаа талаар дурдсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Манай улсад ганцхан цэнгэлдэх хүрээлэн байдаг ч 51 хувийг нь хувьчилсан. Иймээс төр өөрөө хүний эрхэнд ажиллаж, хувь хүнээс гуйж наадмаа хийж байна. Найруулагч хүнд бүтээлээс бусад зүйлийг нь зохицуулж өгвөл бүтээлдээ л зөвхөн анхаарлаа хандуулдаг. Гэтэл өнөөдөр найруулагч маш олон зүйлд сандарч, санаа зовж байна.

Тухайлбал, цэнгэлдэх хүрээлэнгийн ганцхан хаалгаар орж гардаг. Бусад бүх хаалга нь битүү. Уг нь илүү сонирхолтой, гэнэтийн зүйлүүдийг сүүлийн үеийн технологи ашиглан үзүүлэхэд наад зах нь бусад хаалгаар чөлөөтэй орж гардаг байх хэрэгтэй байгаа юм. Мөн цэнгэлдэх хүрээлэн рүү том машин ч орох боломжгүй, зөвхөн жижиг машин орж байна. Ер нь цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалд тааруулж, наадмаа хийж байна. Тиймээс Монгол Улс шинэ цэнгэлдэхтэй болоосой гэж бодож байна. Хүй долоо худагт ч юм уу, хамгийн том цэнгэлдэх хүрээлэнг барих хэрэгтэй. Ядаж 80-100 мянган хүний суудалтай, гадны том тоглолтууд тоглогдох боломжтой цэнгэлдэхтэй болмоор байгаа юм.

Үүнээс гадна наадам ивээн тэтгэгчид цөөн байна. Гэхдээ бид төрөөс өгсөн мөнгөндөө тааруулж байна. Солонгос улсад дунд зэргийн наадмыг 100 сая доллараар хийдэг. Гэтэл манайх талбайн нээлтийг 600 сая төгрөгөөр хийж байна. Энэ бол санхүүгийн боломжтой хүний дундаж машин авах мөнгө. Тэгэхээр бид нэг хүний машины мөнгөөр наадам хийж байна. Гэхдээ бид төрөөс өгсөн үүргээ биелүүлж, зүрх сэтгэлээрээ ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here