Нүүр хуудас Соёл урлаг Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

238
0

Улсын Их Хурлын Төрийн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 06 дугаар тогтоолоор чиглэл өгсний дагуу Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаа болон санхүү, тайлан бүртгэл холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулгыг сонсов.

Тус байнгын хорооны тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан бүртгэл нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Үндэсний аудитын газраас Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул, ахлах аудитор Л.Хонгорзул, шинжээч М.Туул, Ц.Цэрэннамжил нар шалгалтыг хийжээ. Шалгалтыг тус байгууллагын 2015, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан болон санхүүгийн бусад холбогдох баримт материалд тулгуурлан гүйцэтгэжээ. Энэ хүрээнд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Нягтлан бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалпан авах тухай хуулийн хэрэгжилтийг тус тус авч үзсэн байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 2015 онд нийт 11 удаа хуралдаж 47 асуудал хэлэлцэн 37 тогтоол гаргаснаас 8 нь, 2016 онд 40 тогтоол гаргаснаас 3 нь хууль эрх зүйн холбогдох заалтыг үндэслэл болгоогүйгээс эрх зүйн чадамжгүй шийдвэр болсон. Үндэсний зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн гишүүдэд олгох урамшуулал 400 мянган төгрөг байсныг Үндэсний зөвлөлийн 2016 оны 09 дүгээр тогтоолоор 700 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхдээ уг тогтоолд хамааралгүй эрх зүйн заалтыг үндэслэл болгосон. Мөн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Үндэсний зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн бүх гишүүд нь сар бүр хуралд бүрэн оролцсон тухай тодорхойлолт гаргаж МҮОНРТ-ээс 2015 онд 76 сая төгрөгийн урамшуулал, 8.3 сая төгрөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, 2016 оны эхний 9 сарын байдлаар 95.1 сая төгрөгийн урамшуулал, 10.8 сая төгрөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зардал гаргажээ. Гэтэл Хяналтын зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот зөвлөмжийг хянаж үзэхэд Үндэсний зөвлөлийн гишүүн А.Мөнхбат нь 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд нэг ч удаа хуралдаа ирээгүй байхад Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуурамч тодорхойлолт гаргаж өгсний дагуу урамшуулалд 7.9 сая, НДШ-д 0.9 сая төгрөг шилжүүлж МҮОНРТ-д нийт 8.8 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Түүнчлэн Үндэсний зөвлөл нь Ерөнхий захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2015 оны хэрэгжилтийг дүгнээгүйгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж аудиторуудын дүгнэлтэд дурджээ.

Мөн ерөнхий захирал нь Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд олон нийтийн радио, телевизийн эд хөрөнгийг захиран зарцуулах, худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ, хэлцэл хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, зарим ажлыг зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй байна гэж үзжээ. Тухайлбал, автомашин худалдаж авахдаа Үндэсний зөвлөлөөс зөвшөөрсөн үнийн дүнг хэтрүүлсэн, “Event hall” танхим байгуулах үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулаагүй, зарим худалдах, худалдан авах ажлын гэрээ байгуулагдаагүй байхад санхүүжилтийг 100 хувь урьдчилан олгож, гэрээг 3 сарын дараа нөхөж байгуулсан зэрэг зөрчлүүдийг холбогдох баримтад тулгуурлан дурдсан байна. Түүнчлэн шалгалтад хамрагдсан 2015-2016 онд Шилэн дансны тухай хуулийн дагуу шилэн дансны цахим мэдээллийн санд холбогдох мэдээллийг байршуулж иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулаагүй, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна гэж дүгнэжээ.

Иймээс шалгалтын хэсэг шалгалтын явцад цуглуулсан баримт материалууддаа үндэслэн:

1. Үндэсний зөвлөлөөс гаргасан зарим тогтоолын тэмдэглэх хэсэгт хууль эрх зүйн үндэслэлийг дурдаагүй нь шийдвэрийг хүчин төгөлдөр бус болгох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2. Үндэсний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж буй тогтоол шийдвэртээ худалдан авалтад мөрдөх хууль, журам, төсөвт өртгийг тодорхойлж өгдөггүй, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хянаж үздэггүй, тогтоолыг зөрсөн тохиолдолд тооцох хариуцлагын талаар тусгадаггүй зэрэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг хууль тогтоомжийг зөрчихөд хүргэсэн байна.

3. МҮОНРТ-д улсын төсвөөс олгож байгаа санхүүгийн дэмжлэг, үндсэн үйл ажиллагааны орлогыг нэг дансанд төвлөрүүлж байгаа нь улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэгийг ямар зардалд зарцуулж байгааг тодорхойлох боломжгүй байна.

4. “Event hall”-ын засвар, тохижилтын ажлын хяналтын төсөв, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай.

5. МҮОНРТ-ийн ерөнхий захирал нь дэд захирал, нэгжийн удирдлагуудын сонгон шалгаруулалт болон худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотой тушаал шийдвэр гаргахдаа холбогдох хууль, журмыг мөрдөөгүй байна.

6. Шилэн дансны тухай хуулийн дагуу шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд байршуулаагүй байна гэж тус тус дүгнэжээ.

Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн О.Энхжаргалаар ахлуулсан шалгалтын хэсэг долоо хоногийн хугацаанд МҮОНРТ-ийн үндсэн үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал, бэлэн болон бэлэн бус ажил гүйлгээг зохих журмын дагуу бүртгэсэн эсэх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, баримтын бүрдүүлэлт, боловсруулалт, санхүүгийн мэдээ тайлан гаргалт зэрэг хүрээнд шалгалт хийжээ. Шалгалтын хэсэг дүгнэлтдээ, тус байгууллагын төлбөртэй болон захиалгат нэвтрүүлгийн орлогыг холбогдох мэргэжлийн хүмүүсээр дахин хянуулж дүгнэлт гаргуулан холбогдох хэлтэс, албадын ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулах, цайны газар, амралтын газартай холбоотой бүртгэл тооцоог зохих норм стандартыг үндэслэн нарийн тооцож, тайлан тооцоог тухай бүр гарган ашиг алдагдлыг тооцоогүй байна гэж дүгнэжээ. Мөн МҮОНРТ-ийн дотоод журам, Үндэсний зөвлөлөөс ерөнхий захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэгт байгууллагын хөрөнгө мөнгийг төлөвлөсөн төсвийн дагуу үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, үр ашиггүй зардал гаргасан тохиолдолд хариуцлага тооцох талаар огт тусгаагүй байна. Түүнчлэн тус байгууллага зарим зардлыг үргүй, зориулалт бусаар зарцуулсан, тухайлбал түрээсийн төлбөрийн авлагын барьцаа хөрөнгийг авч үлдээгүйгээс их хэмжээний түрээсийн авлагатай болсон, байгууллагын хөрөнгийг барьцаалан зээл авч хүүнд багагүй төлбөр төлсөн, их хэмжээний зардал гарган Рио-2016 олимп, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нэвтрүүлсэн, өндөр үнэтэй автомашин авсан зэрэг зөрчлүүд нь тухайн байгууллагыг санхүүгийн хүндрэлд оруулсан байна гэж дүгнэжээ.

Мөн тус байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн сан, төсвийн хэмнэлт, хэмнэгдсэн хөрөнгийг захиран зарцуулсан шийдвэр, түүний эх зүйн үндэслэл, 2015-2016 онд ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын тоо, тэдгээрт зарцуулсан тэтгэмж хууль тогтоомжид нийцсэн эсэх, хамтын гэрээнд тусгагдсан цалингийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс олголтын хэрэгжилт, сахилгын зөрчил гаргасан ажилтнуудад ногдуулсан шийтгэлийн арга хэмжээ, ажилтнууд нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул нар ажлын 10 өдөрт багтаан шалгалт хийжээ. Улсын байцаагчид шалгалтын явцад холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2015, 2016 онуудад ажиллуулбал зохих 28 хүнээс 26 хүнийг ажиллуулаагүй байгаа зөрчилд ажлын байрны төлбөр 57 сая 504 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх акт тогтоосны зэрэгцээ илэрсэн зөрчлийг арилгуулахаар 6 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Улсын байцаагчид дүгнэлтдээ, тус байгууллагад хүний нөөцийн бодлого бүрэн хэрэгжээгүй, ажлаас халагдсан ажилтнуудыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн авах, бүтэц орон тоог шинэчлэн батлах нэрээр хөлсөөр ажиллах гэрээгээр олон хүнийг ажилд авсан зэргээр нийт 440.1 сая төгрөгийн төсвийн үргүй зардал гаргасан нь байгууллагын зардал хэтрэхэд нөлөөлсөн байна гэж дурджээ. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах талаархи ажилтны эрхийг хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйн улмаас ажилтнуудын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсч болзошгүй байна гэж дүгнэсэн байна.

Шалгалтын хэсгийн дүгнэлт, танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Ж.Мөнхбат, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Б.Батзориг, Н.Цэрэнбат, Ж.Мөнхбат, Д.Сумъяабазар, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд төрийн мэргэшсэн байгууллагуудын шалгалтын дүнгээс харахад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь хуулиа хэрэгжүүлдэггүй, ерөнхий захиралдаа хяналт тавьж ажилладаггүйгээс энэ байгууллагад төсөв санхүүгийн сахилга алдагдаж, дураар авирлах, ажиллагсдын эрх ашгийг хохироох, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулах зэрэг зөрчил газар авахад хүрсэн нь илэрхий байна. Иймээс Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлт болон төрийн холбогдох байгууллагуудын шалгалтын дүнг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон Хяналтын зөвлөл, ерөнхий захирал, нийт ажиллагсад, түүнчлэн Үндэсний зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж томилуулсан Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй. Түүнчлэн анхнаасаа хууль зөрчиж томилогдсон, байгууллага, хамт олныхоо эрх ашгийг зөрчсөн шийдвэрүүд удаа дараа гаргаж байгаа ерөнхий захиралдаа хариуцлага тооцох асуудлыг Үндэсний зөвлөлд тавих нь зүйтэй, цаашлаад хууль хэрэгжүүлэхгүй байгаа Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг эгүүлэн татах асуудлыг анх нэр дэвшүүлж томилуулсан субьектэд нь тавьж шийдвэрлүүлэхэд болохгүй гэх газаргүй, шаардлагатай гэж үзвэл Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг өргөн мэдүүлж болох юм гэсэн байр суурийг илэрхийлж байв. Ингээд гишүүдийн саналын дагуу холбогдох байгууллагуудын шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооноос тогтоол, зөвлөмж гаргаж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here