Нүүр хуудас Спорт Жудо бөх Зүүн Азийн орнуудад жүдочид өрсөлдөнө

Зүүн Азийн орнуудад жүдочид өрсөлдөнө

236
0
Judo boh_zuun aziin awargiin temtseen
Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болно

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоол, Эрүүл мэнд, Сангийн сайдын 53/45 дугаар тушаалын дагуу Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 8-10-нд Улаанбаатарт болно.

Тэмцээнийг зохион байгуулах хороог 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахалж байгаа юм.

~Зүүн Азийн орнуудад жүдочид өрсөлдөнө~

Төрийн ордонд болсон зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар тэмцээний бэлтгэл ажлыг хангаж дууссан талаар ярилцсан бөгөөд одоогийн байдлаар Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн найман орны /бүсийн/ баг тамирчин тэмцээнд оролцох мэдүүлгээ өгчээ. Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй болоод байгаа гэнэ.

Мөн хуралдааны үеэр БНАСАУ болон БНСУ-ын жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд нэг далбаан дор жагсахаар болжээ. Энэ нь БНАСАУ болон БНСУ анх удаа зуны спортын төрөлд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа юм байна.

Тэмцээнийг найман орны 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулахаар болжээ.

Тэмцээн Спортын төв ордонд болох бөгөөд зургадугаар сарын 9-нд болох ганцаарчилсан барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлснээр эхлэх гэнэ. Харин хоёр дахь өдрийн барилдаан зургадугаар сарын 10-нд багийн төрлөөр явагдах юм.

Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулах нь зүүн Азийн орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бие биенээ хүндэтгэх, зүүн Азийн орнуудад жүдо бөх хамгийн өндөр хөгжсөн байдаг нь харилцан туршлага солилцох, залуу тамирчдыг гаргаж ирэх олон талын ач холбогдолтой байдаг талаар зохион байгуулагчид хэлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here