Нүүр хуудас Спорт Монголын хөлбөмбөгийн шилдгийн шилдэгүүд тодорлоо

Монголын хөлбөмбөгийн шилдгийн шилдэгүүд тодорлоо

202
0

Монголын хөлбөмбөгийн шилдгийн шилдэгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Гурав дахь удаагийн энэхүү арга хэмжээнд оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч , бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгаруулсан юм. Ингээд шилдгүүдийг танилцуулъя.

2017 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор М.Төгөлдөр тодорлоо

М.Төгөлдөр “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2017 оны улиралд 17 тоглолтод 10 гоол оруулан, 5 гоолын дамжуулалт өгч, үндэсний лигийн шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн юм. М.Төгөлдөр “Эрчим” клубтэй “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан түрүүлснээс гадна шигшээ багийн салшгүй нэгэн хэсэг болсон тоглогч. Үүнийг Монголын 23 хүртэлх насны шигшээ Тайландтай 1:1-ээр тэнцэхэд нэг гоол, үндэсний шигшээ баг Тайваньтай нөхөрсөг тоглолт хийхэд нэг гоолын дамжуулалт, үндэсний шигшээ Индонез улсад “ACEH WORLD SOLIDARITY” тэмцээнд хоёр гоол оруулсан амжилтуудаас харж болно.

МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал


Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн нэрэмжит шагналыг Футзалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Улаанбаатар сити” клубт гардууллаа.

Монголын футзалын үндэсний шигшээ болон 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир 2017 онд Монголын Хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх амжилтыг бүтээсэн. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд шалгарч, манай улсын шигшээ багуудаас Азийн аваргын хэсгийн шатыг давсан анхны баг болсон юм. 2015 онд футзалын үндэсний шигшээ багийг удирдан Хонгконгийн шигшээ багийг 8:3-аар хожиж футзалын шигшээ багийн анхны оноо хожлыг авч байсан бол энэ жил бүх шигшээ багуудын хүрээгүйд хүрсэн билээ.

“Улаанбаатар Сити” клуб 2016 онд буюу анх байгуулагдсан анх жилдээ “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т өрсөлдөж, наймдугаар байрт орсон Ганзоригийн Дашням эзэнтэй “Улаанбаатар Сити” клуб энэ жил огцом тэсрэлтийг хийлээ. Тэд энэ онд “Хүрхрээ үндэсний дээд лиг“-ийн аваргын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, мөнгөн медаль хүртсэнээс гадна “Холбооны цом”-ын тэмцээний аварга багаар тодорсон билээ.

2017 оны “Бэлгэдлийн 11” шагналаа авлаа

“Бэлгэдлийн 11” тоглогчийн шагналыг Английн “Манчестер Юнайтед”, Францын шигшээ багийн довтлогч “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны хүндэт зочин Луи Саа гардууллаа.

“Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Арвис” клубийн хагас хамгаалагч Г.Цолмон тодорлоо


Г.Цолмон гурав дахь жилдээ зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын цомыг “Арвис” багийнхаа хамтаар хоёр дахиа өргөсөн. “Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм. Эдгээрээс гадна Г.Цолмон өнгөрөгч тав дугаар сард Хонгконг улсад зохиогдсон Азийн 15 хүртэлх насны АШТ-д Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг Гуамтай 1:1-ээр тэнцэхэд нэг оруулсан. Энэ нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол болон тэмдэглэгдэхийн зэрэгцээ, анхны оноог авч ирсэн. Г.Цолмонд шилдгийн шагналыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гардууллаа.

“Шилдэг гадаад тоглогч”-Шута Ишино

“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд шинээр нэмэгдсэн “Шилдэг гадаад тоглогч” номинацийн ялагчаар “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим” клубийн Япон хагас хамгаалагч Шута Ишино шалгарлаа. Шута Ишино 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 12 гоол оруулан, 10 гоолын дамжуулалт өгсөн. Өнгөрсөн жил “Бэлгэдлийн 11”-т багтсан анхны гадаад тоглогч болсон Шута Ишино энэ жил “Шилдэг гадаад тоглогч” шагналыг авсан анхны тоглогч болов. Түүнд шилдгийн шагналыг МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал гардууллаа.

Шута Ишино өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй тул “Эрчим” багийн ахлагч Ц.Энхжаргал түүний шагналыг авлаа.

“Ганган гоол”-ын эзэн П.Энхбилэг

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хамгийн үзүүштэй, шилдэг, гоёмсог, “Ганган гоол”-оор “Гоёо Эф Си” клубийн довтлогч П.Энхбилэгийн “Эф Си Улаанбаатар” клубийн хаалганд оруулсан гоол шалгарлаа. П.Энхбилэг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан бөгөөд тэдгээр гоолуудын нэг нь 2017 оны “Ганган гоол” шагналыг эзэндээ олголоо. SPS HD телевизийн нэрэмжит “Ганган гоол” шагналыг хүртсэн П.Энхбилэг 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 7 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгсөн. Түүнд шагналыг SPS HD телевизийн хөтлөгч, тайлбарлагч Х.Амгалан гардууллаа.

П.Энхбилэг өөрийн биеэр ирж амжаагүй тул “Гоёо Эф Си” клубийн төлөөлөл түүний шагналыг авлаа.

“Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клубийн дасгалжуулагч З.Баттулга тодорлоо

З.Баттулга “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын тавцанд “Эрчим” клубийг гурван удаа дараалан гаргаж, үндэсний лигт гурван улиралд дараалан түрүүлсэн анхны баг болгосон. Зөвхөн энэ жилээр зогсохгүй сүүлийн гурван жил З.Баттулга “Эрчим” клубийн тоглолтын арга барилыг өөрчилж, илүү хүчирхэг баг болгож, 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т гурав дараалан түрүүлээд байна. З.Баттулга зөвхөн “Эрчим” клубийнхээ хамтаар амжилт гаргах бус Монгол улсын 19 хүртэлх насны шигшээ багийг удирдан Сингапурын шигшээ багийг 4:2-оор хожиж, энэ насны шигшээ багийн түүхэн дэх анхны оноо, хожлыг авсан. Түүнд “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” шагналыг МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болох Б.Батсайхан, Б.Болд нар гардууллаа.

“Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” – “Туулын Том Тулнууд” клубийн дасгалжуулагч Б.Болд

Хан-Уул дүүргийн хөлбөмбөгчдийн дийлэнх нь Б.Болд дасгалжуулагчийн гараар дамжсан гэхэд хилсдэхгүй. Өдгөө “Туулын Том Тулнууд” клубийн эрэгтэй, эмэгтэй багууд мөн л Б.Болд дасгалжуулагчтай салшгүй холбоотой байна. Б.Болд дасгалжуулагч 2017 онд охидын УАШТ-д амжилттай оролцож, оны шилдэг “Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар тодорлоо. Түүнд шагналыг МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болох Ж.Хишигжаргал, Г.Мөнхчулуун нар гардууллаа.

“Шилдэг шүүгч”-ээр Д.Түмэнбаяр шалгарлаа

Шүүгч хэмээх амаргүй боловч амттай ажлыг хийгээд 14 жил болж буй Д.Түмэнбаяр 2017 оны “Шилдэг шүүгч”-ээр шалгарлаа. МХБХ-ны шүүгчдээс хамгийн олон жил шүүж, ажил мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Д.Түмэнбаяр дан ганц тэмцээн уралдаан шүүгээд зогсохгүй ирээдүй хойч үеээ бэлдэж, техник, фитнессийн дасгалжуулагч хийдэг. 2017 оны “Шилдэг шүүгч” болсон Д.Түмэнбаярт шагналыг МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Футзалын хорооны дарга Б.Гансүх нар гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here