Нүүр хуудас Спорт Монгол хүний чадварыг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт...

Монгол хүний чадварыг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе.

233
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг хүлээн авч уулзлаа. Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн 58 дугаар олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, тусгай шагнал тус тус хүртсэн байна. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв. Математик, хими, физикийн олимпиадын хороодыг нэгтгэсэн хороо БСШУ-ны харьяанд байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны олимпиадын нэгдсэн ТББ ажиллуулж зохион байгуулалтад орох нь зүйтэй. ТББ илүү идэвхтэй, санаачилгатай, хүнд сурталгүй байдаг. Үүний дараа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандан сурталчилгаагаа хийх хэрэгтэй” гэдгийг зөвлөж хэллээ.

Жил бүхэн болдог олон улсын химийн олимпиадад Монгол Улсын сурагчдын баг 2006 оноос эхлэн оролцсон бөгөөд 2017 оны олимпиадад 4 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Олимпиад онол, сорил гэсэн хоёр үе шаттай явдаг. Энэ удаагийн олимпиадад 76 орны 297 сурагч оролцож Монгол Улсаас Орхон аймгийн сурагч Сувданчимэг хүрэл медаль хүртжээ. Олон улсын физикийн 50 дугаар олимпиадад 86 орны 396 сурагч оролцсоноос Монголын баг багаараа медаль хүртсэн 28 орны нэг болж, G20-д дөхөж өндөр амжилт гаргасан байна. Нийслэлийн нэгдүгээр сургуулийг энэ онд төгссөн Э.Гарьд, “Сант” сургуулийг мөн энэ онд төгссөн Л.Оюунтөгс нар энэ олимпиадаас мөнгөн медаль хүртжээ. Олон улсын математикийн олимпиадаас “Эмпати” сургуулийн сурагч Цэнд-Аюуш мөнгөн медаль хүртэж, хоёр сурагч хүрэл медаль, бусад хоёр сурагч тусгай шагнал авчээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here