Нүүр хуудас Спорт Хойд Чуйгийн нурууны ноён оргилд амжилттай гарч ирлээ.

Хойд Чуйгийн нурууны ноён оргилд амжилттай гарч ирлээ.

249
0

Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын анхны Seven Summiteer, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа ахлагчтай Монголын багийн нийт 13 тамирчин түүний дотор Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчид Хойд Чуйгийн нурууны ноён оргил Актру-д (д.т.д 4044 м) амжилттай авиралт хийж, оргилд гарсан  баярт мэдээг экспедицийг зохион байгуулж буй “Алтай-Актру” уулын баазын захирал Валерий Иванович Якубовскийтэй 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр УБ-аас утсаар шууд холбогдож авсан юм. В.И.Якубовский “… Монголын уулчид бүтэн багаар буюу арван гурвуулаа Актру уулын оргилд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагт (УБ-ын 16:00 цаг) амжилттай гарсан. Тэд 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө уулын баазад бууж ирээд одоо амарч байна. Энэ удаагийн авиралт цаг агаарын хувьд нэлээдгүй хүнд нөхцөлд боллоо. Учир нь Актру ууланд 6 өдөр тасралтгүй цас орж шуурч 80 см зузаан цас тогтсон, цасан шуургатай байлаа. Уулчид д.т.д. 2300 метрийн өндрөөс оргилд гарах зам тавьсан. Актру оргилд гарсан Монголын уулчид болон “Сутайн бор” клубын багийн гишүүдийн биеийн байдал сайн, сэтгэл маш өндөр байгааг уламжлахад таатай байна. Тэд 9 дүгээр сарын 29-ний өглөө эртлэн нутгийн зүг хөдлөнө” гэв.

Энэхүү экспедицийг зохион байгуулагчид: Монголын талаас: “Ганга Эверэст” сангийн тэргүүн, Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын анхны Seven Summiteer, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа,
Оросын талаас: “Алтай-Актру” уулын баазын захирал, ОХУ-ын Гавьяат аврагч, уулын спортын багш, дасгалжуулагч Валерий Иванович Якубовский нар хамтран зохион байгуулжээ. Монгол-Оросын уулчдын хамтарсан сургалт, авиралт: “Актру 2017” экспедицид “Сутайн бор” клубээс 4 уулчинтай баг оролцсон билээ.
Багийн бүрэлдэхүүнд:
1. Д.Болормаа Багийн ахлагч
2. Б.Пүрэвжав
3. Б.Одмандах Уулын спортын I зэрэгтэй
4. О.Олонбаяр

Актру уул нь ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Кош-Агчийн районы нутагт орших Хойд Чуйгийн нурууны ноён оргил бөгөөд өндөр нь д.т.д. 4044м. Алтайн хэлээр Актру гэдэг нь “цагаан сууц”, “цагаан бууц” гэсэн утгатай. Актру уул нь Их Актру, Бага Актру гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Уулын ихэнх хэсэг нь мөсөн голтой. Эдгээр мөсөн голоос Актру гол эх авдаг бөгөөд улмаар Чуй гол руу цутгадаг. Актру уулын оргил руу 3 замаар авиралт хийж гардаг ажээ.Үүнд: Зүүн урд талын мөсөн голоос (авиралтын 2А зэрэглэл), эсвэл Зүүн талын уулын хяраар (авиралтын 3А зэрэглэл), мөн Зүүн талын уулын эгц налуу ханаар (авиралтын 4А зэрэглэл) тус тус замуудтай. Актру нь ОХУ-ын Алтайн нурууны уулын авиралтын төв нь юм. Энд 1А-аас 5А хүртэл зэрэглэлтэй авиралтын зам байдаг. “Алтай-Актру” нэртэй авиралтын төв бааз д.т.д. 2150 м өндөрт байрладаг. Энд 1938 оноос эхлэн уулчдын бэлтгэл сургалт өнөөг хүртэл явагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here