Нүүр хуудас Спорт Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээний II шат

Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээний II шат

184
0
Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээний II шат
Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээний II шат
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох билээ. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт явагдаж амжилттай өндөрлөсөн бол өнөөдөр /2016.12.10/ 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор болж байгаа билээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын референт, Олон улсын шатрын холбооны мастер Г.Алтан-Оч, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцов.

Шатар сонирхогчдын 2016 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн тав дахь жилдээ уламжлал ёсоор зохиогдож байна. Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, булчингийн хүчээр бус арга ухаанаар даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт юм. УИХ шатрын спортыг улс орон даяар жигд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, амаар бус ажлаар дэмжих гэж энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж буй юм гэж тэрбээр онцоллоо.

Шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний дараа улсын аваргыг 2017 оны 1-р сард Төрийн ордонд болох тэмцээнээс тодруулна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here