Нүүр хуудас Танд тустай Өнөөдөр Гэгээн хайрын өдөр

Өнөөдөр Гэгээн хайрын өдөр

867
0
хайр
хайр

Өнөөдөр 02 дугаар сарын 14 буюу Гэгээн Валентины өдөр. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт хосууд бие биедээ хайраа илчилж, гал халуун хайр, шоколад, сарнайнд умбадаг билээ.

Гэгээн Валентины баяр нь Европ тивд XIII зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 02 дугаар сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг XVIII зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг XIII зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 07 дугаар сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 02 дугаар сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 02 дугаар сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 02 дугаар сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here