Нүүр хуудас Улс төр Багш нарын цалинг ажилласнаар тооцож олгоно гэв

Багш нарын цалинг ажилласнаар тооцож олгоно гэв

109
0
Said_Tsogzolmaa
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас багш нарын цалингийн нэмэгдлийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын цалинг нэмэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?

-Өнөөдрийн хуралдаанаар бодит нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Багш нарын цалинг нэмэгдүүлэхэд 2019 оны төсөв дээр ажиллана. Өнөөдөр үдээс хойш С.Чинзориг сайд бид хоёр Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Тавьсан шаардлагуудынх нь аль нь энэ онд, аль нь ирэх онд шийдэгдэх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрнэ.

-Тэгэхээр энэ ондоо багш нарын тавьсан шаардлагын хэмжээгээр цалинг нь нэмэх боломжгүй гэсэн үг үү?

-Оноос өмнө найман хувиар нэмэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Цэцэрлэг, бага ангийн багш, тусгай хэргэцээт сургуулийн багш нарын цалин найман хувь дээр 12.3 хувь хүртэл нэмэгдсэн. Өнгөрсөн дөрөв дэх өдрөөс эхлээд Сангийн яам нэмэгдсэн цалингийн мөнгийг манай яам руу шилжүүлсэн. Өнөөдрөөс бүх анхан шатны нэгжүүдрүүгээ шилжүүлж байна. Багш нар гар дээрх цалин нь хэдэн хувиар нэмэгдсэн бэ гэдгийг бодитоор мэдрэх боломжтой болсон. 2018 ондоо багтаад “та нар юу хийх гээд байгаа юм бэ” гэдгийг биднээс асуугаад байгаа. Өнөөдрийг хүртэл зөвшилцөлд санал тавиад байгаа нэг асуудал нь энэ. Мөн эмч багш нарын хооронд гараад байгаа 4.5-5 хүртэлх хувийн зөрүү 7.7 орчим тэрбум төгрөг болж байгаа. Үүнийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, БСШУС-ын яам, Сангийн яамтайгаа ярилцаад энэ онд багтаагаад ядаж энийг шийдэх ямар боломж байгаа вэ гэдгийг хайж байгаа.

-Г.Занданшатар сайдын тушаалаар зөвшилцлийн ажлын хэсэг байгуулна гэж байсан ч багш нар энэ ажлын хэсэгт оролцох шаардлагагүй гэж үзсэн гэсэн. Энэ ажлын хэсгийг байгуулаад, зөвшилцөж байгаа гэж ойлгож болох уу?

-Зөвшилцлийн ажлын хэсэгт Сангийн яам, НХХЯ, БСШУСЯ, Үйлдвэрчний эвлэлийн 3-4 хүний төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Зөвшилцөх ажил үргэлжлээд явж байна.

-Ажил хаяж байгаа сургуулиудаа яах вэ. Цаашдаа энэ тоо нэмэгдэнэ гэж Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдээд байгаа?

-Өнөөдрийн байдлаар ажил хаялтаа зогсоож байгаа сургууль, цэцэрлэг байна. Хөдөө орон нутагт 10 орчим сургууль, Улаанбаатар хотод 57 сургууль ажил хаялтад оролцоод байна. Гэхдээ дөрөв, таваараа нэмэгдэж ажил хаялтад оролцож байгаа зүйл алга. Хан-Уул дүүргийн нэг сургууль, нэг цэцэрлэг ажил хаялтаа зогсоолоо гэдгээ мэдэгдсэн. Багш нар ажил хаяж, өөрсдийн эрхийн төлөө тэмцэж байгаа болохоор ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалинг ажилласан гэдгээр тооцож цалинг нь олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс ажил хаялтад оролцсон багш нарынхаа тоог гаргаж байна.

-Ажил хаялтад оролцсон сургуулийн удирдлага багш нарт ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Цалингаа нэмэгдүүл гэснийх нь төлөө хариуцлага тооцож, ажлаас чөлөөлнө гэж байхгүй. Ер нь хамгийн бодит үнэн зүйл нь багш нарын цалин бага байгаа. Гэхдээ яамны зүгээс ажил хаяж сурагчдынхаа эрхийг зөрчихгүйгээр ширээний ард суугаад асуудлаа яръя л гэж байгаа. Түүнээс цалин бага байгаа гэж ярьж байгаад нь буруу гэж хэлэхгүй байгаа шүү дээ.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here