Нүүр хуудас Улс төр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын мэдээлэл хийлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын мэдээлэл хийлээ

274
0
Д.Оюунхорол
Д.Оюунхорол
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.30/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолуудын биелэлтийн талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын мэдээллийг сонссон юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мэдээлэлдээ байнгын хорооны 2015 оны тавдугаар сарын 06-ны өдрийн “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолын хүрээнд найман заалт бүхий үүрэг даалгаврыг БОАЖЯ-д өгсөн. Байгаль орчны төлөв байдлын тайланг УИХ-аар хэлэлцүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “Засгийн газар байгаль орчны төлөв байдлын тайланг хоёр жил тутамд нэг удаа УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх” талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Цөлжилтийг бууруулах, гадаргын усны хомсдол, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төслийн саналыг боловсруулан хандивлагч орон, олон улсын байгууллагуудад тавьсны үр дүнд тодорхой төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь”, “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах”, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежментийг боловсронгуй болгох”, “Монгол-Солонгосын Ногоон хэрэм-2” зэрэг төслүүдийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа талаараа дурдлаа.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн 2016 оны есдүгээр сарын 01-ний өдөр батлуулав. Цаашид уур амьсгалын ногоон сан болоод бусад сангуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гадаргын усны нөөцийг бохирдол, хомсдлоос хамгаалах зорилгоор Усны тухай хуулийн 22.4-т заасны дагуу “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг салбарын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан А-230/127 тоот тушаалаар батлан мөрдүүлж байгааг онцолсон юм.

Түүнчлэн Цаг уур, орчны шинжлгээний газраас Япон улсын цаг уурын нийгэмлэгтэй хамтран Япон улсын байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжүүлэх “S Зурвасын Допплер Радар Ажиглалтын сүлжээг Монгол Улсад байгуулах” төслийг боловсруулжээ. БОАЖЯ-ны харьяанд “Байгалийн нөөцийн судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэн”-г сэргээн байгуулах үндэслэл, танилцуулга болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад байна.

Тус яам нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг 2016 онд байгуулж, аюултай хог хаягдлын байгууламж байгуулах газрыг сонгон, уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Салбарын сайд мэдээлэлдээ байгалийн нөөц ашигласны төлбөр тухай хуулийн дагуу 2013-2015 онд жилд дунджаар 105.8 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн. Уг хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 15-85, түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван жилд хуулийн хэрэгжилт 40 орчим хувьтай байгааг онцолсон юм.

Үргэлжлүүлэн тус байнгын хорооны 2015 оны долдугаар сарын 09-ний өдрийн “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхыг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг танилцуулав. Уг тогтоолын хүрээнд дөрвөн заалт бүхий үүрэг даалгаврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, статусыг тодорхой болгох, нөхөрлөлийн санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд нөхөрлөлийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна.

Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газар, орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж буй нөхөрлөл хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан нийт 1618 нөхөрлөлийг салбар дундын удирдлагаар ханган, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн шинэчилсэн бүртгэлийг Нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой хамтран 2016 оны 4-6 дугаар сард хамтран зохион байгуулж “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүллээ. Энэ ажлын хүрээнд www.nokhorlol.mne.gov.mn вэбсайтыг шинээр хийж ажиллуулж эхэлсэн гэдгийг дурдав.

2015 онд нөхөрлөлүүдийн Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, нөхөрлөлүүдийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах асуудлыг тодорхойлсон. 2017 оны дөрөвдүгээр сард байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

2016 оны 11-р сард БОАЖЯ, Байгаль хамгаалах ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн Үндэсний холбоотой “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа. Уг гэрээ байгуулснаар нөхөрлөлүүдийн холбооны төлөөлөл Сайдын зөвлөлд ажиллах, Үнэлгээний хороонд төлөөлөл оролцуулах, үндэсний хэмжээний сүлжээг байгуулан салбарын хэмжээнд болон олон улсын сургалтад хамрагдах боломжтой болсныг Д.Оюунхорол сайд мэдээлэлдээ онцолсон юм.

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй НҮБ-ын хөтөлбөрүүд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Солонгосын “Ногоон хэрэм”, Дэлхийн зөн ОУБ, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна.

Дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежментийг нэвтрүүлэх, харилцан туршлага судлах, сургалтад хамруулах болон ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөрлөлд мэдээлэл, сургалтын төв байгуулах зэрэгт 500 гаруй нөхөрлөл, түүний гишүүдийг хамруулан дэмжлэг үзүүлсэн  талаар мэдээлэлдээ дурдав.

Уг мэдээлэлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүдээс асуулт асуух гишүүн байсангүй гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here