Нүүр хуудас Улс төр Байнгын хороодын хамтарсан хуралдаан боллоо

Байнгын хороодын хамтарсан хуралдаан боллоо

199
0

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 62.9 хувийн ирцтэйгээр 15 цаг 25 минутад эхлэв. Хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Хэлэлцэх асуудлыг батлах үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж санал гаргасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсанаас хойшхи хугацаанд тус банкинд татан төвлөрүүлсэн нийт санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, төслийн санхүүжилтийн зарцуулалт болон хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийн дараа шалгалтын материалтай танилцаад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан дүгнэлтийг танилцуулахаар болов.

Тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр мэдээллийнхээ эхэнд 21 хоногийн хугацаанд ажиллан, шалгалтын дүнг Монгол Улсын Засгийн газарт танилцуулах үүрэгтэй байсныг онцоллоо. Монгол Улсын Хөгжлийн банк нь Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоол болон Монгол Улсын Их Хурлаас 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж үйл ажиллагаагаа тавдугаар сараас эхлүүлжээ. Тус банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд банкны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар юм байна. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үргэлжлүүлэн үйл ажиллагааны талаарх хууль эрх зүйн зохицуулалт, үүнд үндэслэн хийсэн шалгалтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Шалгалтын хүрээнд 2011-2016 оны хооронд Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, холбогдох сайд нарын гаргасан тогтоол зэрэг нийт 160 эрх зүйн актад хяналт үнэлгээ хийжээ. Холбогдох хууль тогтоомжид зааснаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Монгол Улсын Их Хурал жил бүр хаврын ээлжит чуулганы хугацаанд батална гэсний дагуу 2011 онд Улсын Их Хурлын 15 дугаар тогтоол батлагдсан байна. Үүнээс хойш 2013, 2014, 2015, 2016 онуудад Улсын Их Хурлаас дээрх хуулийн хүрээнд ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Харин Засгийн газар, яамд, сайд нар Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг баталж,  байсныг Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн тус банк мэргэжлийн удирдлага, зээлийн бодлого, хяналтын удирдлага бүхэлдээ алдагдан, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй болохыг танилцуулсан.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Хөгжлийн банкны санхүүжилтийг 2.2 их наяд төгрөг, 1.7 тэрбум ам.доллар, 32.1 сая евро, 30 тэрбум иенээр буюу дөрвөн төрлийн валютаар нийтдээ 5.6 их наяд төгрөгтэй тэнцэх эх үүсвэрийг төвлөрүүлжээ. Эх үүсвэрүүдийн томоохон хэмжээний эргэн төлөлтүүд 2017 оноос хийгдэх аж. Тухайлбал, 2017 онд 1.8 их наяд төгрөг төлөх бол 2018 онд 1.5 их наяд төгрөг төлөх юм байна. Хөгжлийн банкнаас 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд нийт зээлийн эргэн төлөлт 2017 онд 1.6 тэрбум төгрөг бөгөөд хамгийн их хэмжээний зээлийн эргэн төлөлт 2022 онд тохион, 1.6 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдэх юм байна.

Ажлын хэсгийн шалгалтын явцад тус банкны үйл ажиллагаанд илэрсэн зөрчлүүдийг хоёр чиглэлээр танилцуулсан юм. Банкны бизнес төлөвлөгөө оны дунд үед батлагдан гардаг, 2014 оны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг огт батлаагүй, ТУЗ-ийн удирдлага дор гүйцэтгэх удирдлагаас хараат бус ажиллах дотоод хяналтын нэгж байх ёстой ч огт ажлуулаагүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүй шууд томилсон, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага мэргэжлийн бус, салбарын хэмжээнд удирдах албан тушаал хашиж байгаагүй, туршлага дутуу, мөн гүйцэтгэх удирдлагын багийн зарим гишүүнхуульд заасан шаардлага болон ажлын байрны шаардлагыг хангаагүй зэрэг дүгнэлт гаргажээ. Хуульд заасан бүтэц, нэгж, ажлын байрны тоог үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, цалингийн сан тогтмол өссөн байна. Түүнчлэн дотоод, гадаад албан томилолтын зардлууд өндөр,олон нийтэд түгээхтэй холбоотой зардал, өндөр өртөгтэй, зардал ихтэй программ хангамжийн ажлуудыг гүйцэтгэсэн, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авсан төлбөрийн тооцоог хийлгүй орхигдуулсан зэрэг урсгал зардалтай холбоотой зөрчлүүдийг Ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан байна. Үргэлжлүүлэн тэрээр зээл олголтын зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Засгийн газрын тогтоолгүй, Улсын Их Хурлаар батлуулалгүй гаргасан санхүүжилт, төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдлуудын талаар болон 1.3 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны зээлийн эрсдэл, төлбөр гүйцэтгэх чадварын эрсдэл, өөрийн хөрөнгийн хүрэлцээний эрсдэл, зах зээлийн эрсдэл буюу хүүгийн ханшийн эрсдлийг тооцон гаргасан дүгнэлтийг Ажлын хэсгийн гишүүн, Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч М.Адилбиш танилцуулав. Тус банкнаас олгосон нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн тухайн төслийн орлогоос эргэн төлөх нөхцөлтэй зээл, арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөр гэж гурван бүлэг болгон ангилжээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл 3 их наяд төгрөг буюу 53.8 хувь, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээл 1.5 их наяд төгрөг буюу 27 хувь, арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрт 1 их наяд буюу 19.2 хувийг эзэлж байгаа юм байна. Үргэлжлүүлэн тэрээр зээлийн эрсдлийн дүнг дэлгэрэнгүй танилцуулаад, тус банкны 2016 оны эхний хагас жилийн байдлаар алдагдалтай ажилласан болохыг танилцууллаа. Үүнд 30 тэрбум иений “Самурай” бондын ханшийн тэгштгэлийн алдагдал, үйл ажиллагааны зардлын хэт өсөлт, болзошгүй эрсдэл буюу зээлийн чанар муудсанаас үүдэлтэй эрсдлийн сангийн зардал өндөр хувийг эзэлж байгаа аж.

Шалгалтаар зээлийн эрсдлийн санг 352.4 тэрбум төгрөгөөр нэмж байгуулах, хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлагыг 146.3 тэрбум төгрөгөөр бууруулж, хүүгийн орлогоос буцаах тохируулгууд хийгдэж, энэ нь тухайн жилийн ашгийг 498.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө алдагдаж -319.6 тэрбум төгрөгт хүрэхээр байна хэмээн тооцсон байна.

Ийнхүү Ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулсны дараа уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Ажлын хэсгийн шалгалтын материал нь хууль тогтоомжийн дагуу хийгдээгүй, Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт зөрчилтэй хэмээн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дүгнэсэн байна. Түүнчлэн тухайн үеийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо дүгнэлтдээ дурдсан юм.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар үргэлжлүүлэн Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийсэн юм. Тухайлбал, Ажлын хэсгийн гишүүдийн мэргэжлийн чадамжийн талаар, шалгалтын материалын бүрдэл бүрэн эсэх, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуултад Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хариулт өгөв. Тэрээр Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд 21 хоногийн хугацаанд Хөгжлийн банкны 5-6 жилийн хугацаанд 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгон,  371 гаруй төсөл хөтөлбөрийн санхүүжүүлснийг шалган, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулсан учир ажлын дэд хэсэг байгуулсан болохоо танилцуулсан юм. Шалгалтын дүн бүхий материал нь Засгийн газарт танилцуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн уг дүгнэлтийг зохих хууль журмын хүрээнд боловсруулан, бүрдэл хангасан хэмээн хариулт өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд урьд таван удаа шалгалт хийсэн бөгөөд ҮАБЗ-ийн ажлын алба, Үндэсний Аудитын Ерөнхий газрын хоёр удаа, Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэг, Сангийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт зэрэг баримтууд байгаа бөгөөд энэ удаагийн шалгалтын дүгнэлтийг нийлүүлэн нийт зургаан удаагийн шалгалтын дүгнэлт дээр Хөгжлийн банкны үйл ажиллагааны алдаа, дутагдал, зөрчлийг адилхан тодорхойлсон байгааг тэмдэглэн хэлж байв. Түүнчлэн Хөгжлийн банк нийтдээ 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон ч 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан, 600 тэрбум төгрөгөөр тоологдох алдагдал хүлээх эрсдэлтэй байгаа энэ нөхцөлд нарийвчилсан шалгалт хийж, зээлийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй тохиолдлуудыг зохих хууль журмын хүрээнд шалган, хариуцлага тооцох нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд хэлж байлаа. Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодруулж, үйл ажиллагааны хяналт шалгалтыг холбогдох хууль журамд нийцүүлэн хийж, эрх зүйн орчныг сайжруулах, удирдлага, бүтцийг мэргэжлийн болгох, холбогдох хууль тогтоолыг мөрдөж ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдэж байв.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, О.Баасанхүү, Х.Нямбаатар, С.Чинзориг, О.Батнасан, Д.Цогтбаатар, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Л.Энхболд, Т.Аюурсайхан, Д.Дамба-Очир нар Ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, шалгалтын дүгнэлтэй холбоотойгоор тодруулга хийж, санал хэлснээр Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here