Нүүр хуудас Улс төр Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

387
0

УИХ-ын Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Өнгөрсөн хугацаанд 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд 2016 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл мөрдөгдсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.13-т “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжинэ” гэж тусгасан бөгөөд мөн хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгах шаардлагатай байгаа аж. Иймд дээрх шаардлагуудад үндэслэн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсад бизнес регистрийн санд бүртгэлтэй 126 560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 84,3% буюу 54237 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч хөдөө аж ахуйн 3380, хүнсний 1292, боловсруулах үйлдвэрийн 2801, худалдааны 21952, үйлчилгээний 4235, бусад чиглэлээр 20577 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт 766 910 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 70 хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэж байна.

Дээрх хууль хэрэгжсэнээр 2014, 2015, 2016 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1419 иргэн, ААН 3201 төрлийн 7 мянга ширхэг тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13,2 тэрбум төгрөгийн гаалийн чөлөөлөлтөнд хамрагджээ. Судалгаагаар мах махан, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах модон материал, ноос ноолуур, арьс шир оёдол, сүү сүүн бүтээгдэхүүн жимс жимсгэнэ гэсэн хөнгөн, хүнсний салбарууд чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулгадаа онцолсон юм.

Төсвийн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Гарамжав, Б.Батзориг, Д.Дамбар-Очир нар асуулт асууж, санал хэлсэн юм. Ингээд Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here