Нүүр хуудас Улс төр Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа

154
0

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. Хуулийн шинэчилсэн найруулгны төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хийсэн юм.

Байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын зарим засварыг төсөлд тусгаж эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Мөн хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол бэлтгэснийг хэлэлцэж дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл нар асуулт асууж тодруулан хариулт авсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Улмаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Тус байнгын хороо уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын эхний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нэгдсэн хуралдаанаар төслийг батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжив. Уг хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болж байгаа юм.

Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дэгийн хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Байнгын хорооноос боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хуралгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 81.4 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж, Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн 2017 оны төсөвт тусгагдаагүй татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх учир төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн дөрвөн салбарын хүрээнд нь дэмжээд, гарах үр дагаврыг нь тодорхой хугацаанд харах нь зүйтэй, иймээс татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг нэмэх талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар дахин санал хураалгах шаардлагатай байна гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ. Мөн татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг төсөлд нэмэх талаар гишүүдийн гаргасан саналуудыг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, М.Оюунчимэг, М.Билэгт нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив. Уг хууль батлагдсанаар татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хуулийн төсөлд хөндөгдсөн 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлтийг тухайн аж ахуйн нэгжид үзүүлэхээр болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here