Нүүр хуудас Улс төр Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулна.

Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулна.

193
0

Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын ээлжит уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй 25 гишүүн орны Элчин сайд, төлөөлөгчид оролцож байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд нарыг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлогын зорилтын талаар мэдээлэл өгөхийн сацуу Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа, Европын Холбооны хөгжлийн хамтын ажиллагааны хэрэгжилт, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гишүүн орнуудаас Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.  Уулзалтын дараа Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээхтэй холбогдуулан “Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо болон Европын Атомын Эрчим Хүчний Нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар гарын үсэг зурсан юм.                                                                                                                  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар : “Өнөөдөр Монголын дипломат албаны түүхэнд чухал арга хэмжээ болж, ЕХ-ны Элчин сайдын яам Монголд албан ёсоор нээгдэх болж байна. Энэ бол олон жилийн, олон үеийн дипломатуудын хүчин чармайлтын  үр дүн. Тийм учраас үүний төлөө ажиллаж ирсэн дипломат албаныхандаа, ЕХ-ны төлөөлөгчиддөө баяр хүргэмээр байна. Учир нь зөвхөн Монголын талаас бус хоёр талын хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтын хүчинд энэ үр дүн гарлаа. ЕХ-той олон жилийн харилцааг хөгжүүлж ирсэн. ЕХ-ны 25 улсын төлөөлөгчийн газар, ЕХ-той худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлж хөгжүүлж ирсэн бөгөөд манай орны хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын түншүүдийн нэг байж ирсэн. 2015 он гэхэд  ЕХ-оос манай улсад 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан. Гурван сая хүн амтай бидний хувьд энэ бол маш том хөрөнгө оруулалт.  Үүний зэрэгцээ Монголд хүний эрхийн, ардчилсан тогтолцоог бий болгоход ЕХ маш их туслалцаа үзүүлж, хувь нэмэр оруулсан. Монгол хүн бүрт эрх чөлөөг олгоход тэдний туслалцаа дэмжлэг их байсаар ирсэн. Энэ удаагийн уулзалтаар түншүүддээ хандаж Монголын зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоог цааш нь хөгжүүлэхэд хамтын ажиллагаа шаардлагатай байгааг онцлон хэлсэн. Тэр дундаа ЖДҮ-д анхаарлаа хандуулж, гишүүн орнуудын туршлагаас нэвтрүүлэх, судлах, харилцаа хамтын ажиллагаа тогтоох санал тавилаа.
Мөн олон жил яригдаж эхэлсэн түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр боллоо. Эрх зүйн шаардагдах шийдвэрүүд нь дуусч хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр ЕХ-Монголын харилцаа хамтын ажиллагааг хүмүүнлэг, эдийн засаг, улс төр, дипломатын салбарт хөгжүүлэх гол суурь болно. ЭСЯ байгуулна гэдэг нь хэлэлцээрийг өдөр тутамд бодитоор хэрэгжүүлэх шинэ нэмэлт бүтэц болж байна” гэв.
ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут: “Бид ЕХ-ны Төлөөлөгчийн газраа нээж байгаа болон Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа нь бидний хувьд маш чухал алхам, харилцаагаа шинэ түвшинд гаргасан үйл явдал боллоо. Улс төрийн хэлэлцээ болон хамтын ажиллагаа маань шат ахих, мөн бидний түншлэл улам бүр бэхжих бүхий л нөхцөл бүрдэж байна. Үүний дараа Төлөөлөгчийн газар болон гишүүн орнуудын ЭСЯ-уудын зүгээс харилцаагаа улам өргөжүүлж, дараагийн шинэ шатанд гарах сонирхолтой байна. Нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бидэнд маш том потенциал байна.Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here